sonin.mn
-ЭДНИЙ ХУВААЖ ИДСЭН ӨРИЙГ ДАРААД, ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨЖ БАЙНА. НАМАА ЯЛАГДУУЛАГЧИД, ХОНЗОГНОГЧИД, ХУВИЙН ӨШӨӨ АВАГЧИД, ЗАЛУУ ҮЕИЙНХНИЙГ ҮЗЭН ЯДАГЧИД ДУУГАА ТАТ-
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим ажиллаж эхлээд жил гаруйхан хугацаа өнгөрлөө. Шинэ Засгийн Газрын ажлыг нэг хэсэг нь алга ташин дэмжиж байхад цөөн хэдэн "хонзогногчид" муу байна, огцор гэж хашхиралдсаар л байгаа. У.Хүрэлсүх ч "жингэрүүд хуцаж л байдаг юм, жингийн цуваа явдагаараа явж л байна" гэсэн янзтай таг дуугүй. Миний хувьд, шударга зоримог У.Хүрэлсүхийг, түүний Засгийн газрыг эхнээс нь дэмжсэн хүн. Намаа ялагдуулчихаад "цөөнх" гэдэг нэрээр хонзогнож суугаа хэсэг бүлэг хүн, түрүүчийн Засгийн газраас "түрийний бөөс" шиг арчигдагсад У.Хүрэлсүхийн Засгийн газар, УИХ-ын шударга дайчин залуусыг яаж гутааж мохоохыг оролдож байгааг ард түмэн харж байгаа.
Би, шинэ засгийн газрын, эхэлсэн, эцэслэсэн бүхий л бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа ч, нэг л зүйл дээр санал зөрдөг. Энэ тухайгаа сонин хэвлэлд хэд хэдэн удаа бичсэн. Арга ядаад У.Хүрэлсүхэд "гарт нь" гээд захиа бичсэн. Энэ бол, Монголд барьж байгуулах газрын тос боловсруулах үйлдвэр. "Чи муу сэтгүүлч яагаад, газрын тосны үйлдвэрт хошуу дүрээд байгаа юм!" гэж хэлэх нь хэлж л байгаа байх. Зүүн баянгийн нефтийн үйлдвэрийн өндөр цамхаг, яг манай ботгоны зэлэн дээр босч сүндэрлэсэн. Монголын анхны газрын тосны үйлдвэр Зүүн-баян яаж сууриа тавьсан, ямар үйлдвэр боссон, яаж ажилладаг байсныг би арван хуруу шигээ мэднэ.
Надтай хамт аравдугаар анги төгссөн Ц.Багмид, ОХУ-д мэргэжил эзэмшиж ирээд энэ нефтийн үйлдвэрийг олон жил удирдсан. Үйлдвэрийн бүхий л ажиллагааг нь бидэнд үзүүлдэг, ярьдаг байж билээ. Багмид маань одоо амьд сэрүүн байгаа.
 
Оросууд зөвхөн нефтийн үйлдвэр төдийгүй, ямар сайхан хот барьж өглөө! Тухайн үед Дорноговь аймгийн дүрслэх урлагийн газрын эрхлэгч байсан нэрт зураач Чимидцорж гуай Зүүн-баянгийн зургийг зураад, би доор нь "Зээрийн сүрэг уралдаж байсан зэлүүд говь ийм боллоо. Нэгдэл нягтралын лут хүчээр нефтийн үйлдвэр сүндэрлэж бослоо" гэсэн дөрвөн мөрт тайлбар хийж байсан сан. Энэ зураг аймгийн дүрслэх урлагийн музейд одоо ч байж магадгүй юм. Иймээс нефтийн үйлдвэрийн бараа сураг ч сонсоогүй мэдэмхийрэгчдийн дэргэд би өөрийгөө зохих мэдлэгтэй хүн гэж бодоод байгаа. Оросууд бидэнд ямар элэгсэг хандаж байсны тод гэрч Зүүн-баян. Орд газруудыг түшиглүүлээд ямар олон хот тосгон барьж өгсөн гээ. Тэгвэл одоо дээрэмдэж байгаа Рио Тинтог хар. Оюу-толгой гэж хэдэн цэнхэр амбаар л байгаа шүү дээ. Нэгэн цагт "алтыг нь аваад", хэдэн цэнхэр амбаараа хаячихаад арилна. Ийм л байгаа юм. Одоо газрын тосны үйлдвэр барина гээд байгаа Алтанширээ сум чинь миний төрсөн нутаг. Ёстой л чулуу болгоныг нь танихаар нутаглаж байсан газар даа. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Авидын Шартолгой бид хоёрын чулуугаар гэр барин тоглож байсан газраас тун холгүй үйлдвэрийн шавыг нь тавьж байгаа юм билээ. А.Шартолгой маань хэдэн жилийн өмнө нутгаараа явж ирээд "Бид хоёрын чулуун гэр хэвээрээ байна шүү. Хананд нь хэдэн чулуу нэмэрлэчихлээ" гэж байсан сан. Алтанширээ сумын баруун зах хязгаар, Сайншандаас хориод км зэлүүд цулгуй газарт өнөөх Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барина гээд ажил нь эхэлчихлээ. Би газрын тосны үйлдвэрийг эсэргүүцэгч биш. Түүхий эд, дэд бүтэцдээ ойр дөт, газрын тосны томоохон үйлдвэртэй болох юмсан гэж мөрөөдөж явсан хүний нэг нь би. Монголчууд бүгд л ийм бодолтой байсан байх. За яамай даа, Хүрэлсүх маань л зоримог шийдлээ гэж баярлаж байсан сан. Тэгтэл газраа зөв сонгосонгүй.
Миний энэ бичвэр сонины шарласан хуудсанд үлдэнэ. Би дахиад хэлье. Газраа зөв сонгосонгүй. Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн чинь амин чухал хэрэгцээ нь түүхий эд. Гэтэл өнөөдөр гол түүхий эдээсээ хол хөндий цулгуй цагаан газар үйлдвэрээ барьж байх юм. Ингэж болдог юм уу?!  
 
Би бодохдоо бол Монголд одоогоор газрын тосны үйлдвэр барих гурван газар л бий. Тамсаг, Зүүнбаян, Дархан энэ гурав. Тамсагийн газрын тосны нөөц, жилд 1,5 тонныг боловсруулахад хангалттай хүрнэ. Судлаачид Зүүнбаянгийн газрын тосны нөөц бараг хэвээрээ байгаа гэдэг.
Үйлдвэрээ Дарханд байгуулаад ОХУ-аас түүхий эдээ төмөр замаар хямд төсөр аваад байж болно. Уул нь бид аль эрт газрын тосны үйлдвэртэй болчих боломжийг түрүү түрүүчийн эрх баригчид гулигчихсан юм шүүдээ.
Тэд зөвхөн хувийн ашиг сонирхол л харж байснаас биш Монголын хувь заяаг даан ч бодоогүй. Доктор Т.Намжим Японы эрх мэдэл бүхий хүмүүстэй ярилцаж тохироод газрын тос боловсруулах үйлдвэрийг Дарханд барьж, түүхий эдээ ОХУ-аас авахаар тохиролцсон.Тус үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) бэлэн болж япончууд өөрсдөө хөрөнгө оруулна, бүх зүйлийг барьж байгуулна гээд яриа хэлцэл болж байсан. Тухайн үеийн нам төрийн эрх баригчид энэ сайхан боломжийг дэмжилгүй доктор Т.Намжимыг алхам дутамд нь "хад мөргүүлсээр" таарч билээ. Энэ том эрдэмтэн олон жилийнхээ ажил амьдралыг эх орныхоо сайн сайхны төлөө ингэж зориулаад саяхан таалал төгссөн. Барихад л бэлэн болчихсон төсөл шүү дээ.
Ийм сайхан боломжууд байсаар байтал өнөөдөр газрын тос боловсруулах үйлдвэрийнхээ шавыг хаа хамаагүй Алтанширээ сумын зэлүүд тал нутагт тавьж байгаад гайхаад байгаа юм. Ядаж л дэд бүтэц байхгүй. Сайншандын төмөр замаас 27 км төмөр зам татна гэнэ. Алтанширээ сум хүртэл 90 км хар зам барих гэнэ. Наад зах нь 20-30 км газар шон зоож утас татан цахилгаантай болно гэнэ. Дорнод аймгийн Тамсагийн газрын тосны 19,21 дүгээр талбайгаас уг үйлдвэрээ хүртэл 651 км газрын тос тээвэрлэх шугам хоолой тавина гэнэ. Үүнийг зүүд юм уу, үлгэр юм уу , би ойлгохгүй байгаа. Улаанбаатарт зургаахан км бохирын хоолойг хичнээн жил тавив даа?! Тэгэхэд Тамсагаас Алтанширээ хүртэл 651 км газрын тос дамжуулах хоолойг хичнээн жил барих бол. Өнөөгийнх шиг хүн хүчээр, ийм техник тоног төхөөрөмжөөр 21 дүгээр зуунд барьж амжих юм уу?
 
Хамгийн сонирхолтой нь газрын тос боловсруулах үйлдвэр, энэ 651 км урт шугам хоолойн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) гараагүй байхад шав тавьчихаад бариад л байгаа гэж байна. Юу л болдог бол доо?! Газрын тос дамжуулах шугам хоолой гэдэг чинь зүгээр л нэг угсраад явчихдаг зүйл биш. Маш нарийн түвэгтэй эд. Эхлээд 651 км газрынхаа бүрэн судалгаа хийх ёстой. Зүгээр л шулуухан татчихгүй шүү дээ. Нуур таарна. Гол мөрөн таарна. Уул даваа таарна. Намаг шавар таарна. Тэр бүхнийг судалж, хэмжиж үзсэний дараа зурагаа гаргана. Тэр бүхэндээ тохируулж ТЭЗҮ-гээ боловсруулна. Төсөв хөрөнгө батална. Нефть чинь олон янз. Шугам хоолойгоор урсаад байдаг шингэн нефть байна. Бас царцмал нефть байна. Хэрвээ тийм тос байвал дахин шингэрүүлэх үйлвэр хэрэгтэй болно. 651 км хоолойгоо, хүн амьтангүй хоосон зэлүүд газар, зүгээр л угсраад орхичих уу? Харж хамгаалах, засвар үйлчилгээ хийх хүн хэрэгтэй болно биз дээ. Тэр болгонд Сайншанд руу утас цохиж, засварчин нэхэж байх уу?
Нэг сонин зүйлийг би ойлгохгүй байгаа юм. Газрын тос дамжуулах 651 км хоолойгоо яаж ийгээд барьчихаж гэж бодъё. Тамсагийн нефтийг чинь цааш нь өдөр шөнөгүй зөөгөөд их л дундалчихсан сураг байдаг. Хэдэн жил өнгөрч байтал өнөөх газрын тос нь дуусчихвал яах вэ? Ер нь хэзээ нэг цагт дуусна л даа. Өнөөх 651 км хоолойгоо буцааж салгаад төмрийн хогонд нийлүүлэх үү гэхчлэн олон асуудал байна.
 
Тэгэхэд Зүүнбаянг хар л даа. Сайншандаас баруун урагш 45 км газарт байрлаж байгаа. Төмөр зам, засмал зам, өндөр хүчдэлийн цахилгаан шугамтай, өрөмний үзүүр хүрэхэд л тос олгойдоход бэлэн байна. Хамрын хийд хүртэл хар замтай. Цаана нь Зүүнбаян ил харагдаж байгаа. Арваадхан км хар зам тавихад л Зүүнбаян засмал замтай болно. Зүүн баян чинь газрын тосныхоо нөөцийг дуусгаад хаагдаагүй юм. Үйлдвэрт нь ялихгүй саатал гараад л хаагдсан, нөөц нь бол хэвээрээ байгаа гэдэг. Эрдэмтэн судлаачид, сайн хайвал Дорноговийн нутгаас газрын тосны өөр том орд ч олдож ядашгүй гэдэг юм. Энэ бүхнийг би цээжний бангаар ч бурж байгаа юм биш. Миний дүү (эгч дүүсийн хүүхэд) геологи минериологийн ухааны доктор профессор Маамын Жамсран надад энэ говийн хэдэн том ордын тухай мөн ч их ярьдаг байж билээ. Би нь даанч мулгуу, нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргаж байгаагүйсэн бол, өдийд хэнтэй ч "ном хаялцах" мэдлэг чадвартай байхсан. Оюу толгойн орд л гэхэд Монголчуудыг зуун жил кувейтын баячууд шиг болтол тэжээнэ гэдэг байсан сан. Гэтэл өнөөдөр юун кувейтын баячууд, Монголчууд Азийн гуйлгачин болчихоод байдаг. Цөөн хэдэн луйварчид л гадныхантай нийлээд "кувейтын баячууд" болох шив дээ.
Жаахан хадуурлаа. Энэтхэгийн нэг тэрбум ам. долларыг бид "чулуу болгох" ёстой байсан юм. Тэгэхэд газрын тосны үйлдвэрийн барилга барьчихаад, бусад бүх зардлыг Монголчууд өөрсдөө гаргах юм гэх шив. Өнөөх л газрын тос дамжуулах хоолой, цахилгаан станц, дэд бүтцийн бүх барилга байгууламж бидний толгой дээр бууж байгаа бололтой. "Ямаан дээр тэмээний гарз" гэгч дээ.
 
2023 онд газрын тосны үйлдвэр ашиглалтад орлоо гээд хэн нэг Ерөнхий сайд тууз хайчилж магадгүй л юм. Тэгтэл тос нь Тамсагаасаа нааш гараагүй байвал шившиг л юм даа. Ядвал Оросынхоо газрын тосыг төмөр замаар Сайншанд руу, Алтанширээ рүү зөөдөг л байх даа. Мөн ч их хугацаа, зам алдана даа. Саяхан Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр гэж хүн өдөр тутмын сонинд ярилцлага өгсөн байна. Тэр хүн газрын тосны чиглэлийн мэргэжлийн хүн мөн юм уу, биш юм уу, бүү мэд. Их л сонин санагдлаа. Лав л газрын тос боловруулах үйлдвэр барих Дорноговь аймаг, Алтанширээ сумаараа яваагүй бололтой. "Аймгийн төвөөс Алтанширээ сум хүртэл 18 км гаруй авто зам барина" гэж. Аймгийн төвөөс Алтанширээ сум хүртэл 90 км байдаг юм. Би бодохдоо аймгийн төв Алтанширээ сум хоёрыг авто замаар холбох юм байна гэж ойлгосон. Тэгтэл 18-хан км гэнэ. Тэрээр усны тухай хариулахдаа "Үйлдвэр баригдах газраас 40 гаруй км зайд газрын доорх завсрын усны нөөц байгааг илрүүлсэн" гэж бүдэг бүрхэг юм ярьсан байна. Сайншандаас зүүн хойш, үйлдвэр барих гээд байгаа газрын чинь ойр орчмыг бүхэлд нь "Сайн усны хонхор" гэдэг юм. Сайн усны хонхорт оросууд нэг жил өрөмдчихсөн чинь ус олгойдоод гарсан. Тэр ус, өвөл зун, өдөр шөнөгүй оргилж байгаа. Хүмүүс үүнийг янз янзаар л ярьдаг. " Төв Азийн цэвэр усны төв цэг",  "манай говийн цэвэр усны төв цэг", "хэрлэнгээс газар  доогуур салаалсан ус" гэхчлэн ярьдаг л даа. Шинжлэх ухаан юу гэж тайлбарласныг нь би сонсоогүй. Юутай ч аймгийн төв хавийг хамарсан  цэвэр усны эх ундарга яалтгүй мөн. Энэ усанд хүмүүс их хорхойсдог юм. Сайншандын үйлдвэрлэлийн парк байгуулна гээд л хэсэг хошуурсан. Мөнгийг нь хуваагаад идэцгээчихсэн.
Одоо газрын тосны үйлдвэр барих болж гэнэ. Хайран ундны минь ус! Нефтийн шаараар бохирлогдоод хүн мал ундны усгүй болно доо, харж л байя. Зүүнбаянгийн ойр хавийн ундны усыг Францын "Арево" ураны шаараар бузарлаад дууссан. Одоо тэгээд хэдэн жилийн дараа Дорноговьчууд, алтанширээчүүд ундны ус эрээд нүүх болдог юм уу, яах юм!? Уул нь Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр чинь тухайн үедээ усаар цалгиж байсан газар. Хиймэл нуур байгуулаад Монголын усан спортын анхны аврагыг тэнд шалгаруулж байж билээ. Ойр орчим нь хичнээн бузарлагдсан ч газрын тос боловсруулах үйлдвэрийг хангачих усны нөөц бий гэж боддог.
Энд би нэг зүйлийг Ерөнхий сайд болон Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны удирдлагын сонорт хүргэмээр байна. Аливаа барилга байгууламжид техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) гэж чухал зүйл байдаг. Жижигхэн гүүр барья гэхэд л эхлээд ТЭЗҮ нэхээд салдаггүй шүү дээ. Тэгэхэд өнөөдөр Газрын тос боловсруулах тийм том үйлдвэр, тос дамжуулах тэр том хоолойн техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй, Ц.Эрдэнэбаяр даргын хэлснээр "энэ онд багтан батлагдах ёстой" гэсэн бүдэг бадаг тайлбартай сууж байж болдог юм уу.
Газрын тос боловсруулах үйлдвэр 2023 онд ашиглалтад орох юм гэнэ. Өөрөөр хэлвэл дараагийн сонгуулийн жилүүдэд. Тэгэхэд ямар нам ялж, хэний засгийн газар байхыг бүү мэд. Өнөөдөр тууз хайчилж зогсоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Энэтхэгийн сайд хоёр хаана ч байх юм, бурхан тэнгэр л мэдэх байх. Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлийн нэг тэрбум ам.доллар, хөгжлийн банкны 250 орчим тэрбум төгрөг урьдын адил төмөр зам барих, хотын утаа бууруулах, цэвэрлэх байгууламж барих, усан цахилгаан станц барих нэрийдлээр шуналтны халаасанд ороод замхрах вий гэсэн дээ үүнийг бичээд байгаа юм.
У.Хүрэлсүх ээ, танай танхимд "шахсан" зарим сайд нар чинь алуурчид, авлигачид, ажил мэддэггүй, хийдэггүй хүмүүсээр баг нэртэй бүлэглэл байгуулчихаад байгаа нь нууц биш. Газрын тос боловсруулах үйлдвэрийн маань гадна дотны тэр их хөрөнгө буруу гараар орчих вий гэсэн дээ ах чинь "долоо хэмжиж, нэг огтол" гэж захиад байгаа юм. Гишгэсэн мөр бүхнээ эргэж харж бай. Томруулдаг шил барьсан хүмүүс дагаад салахгүй байгаа ч юм уу, бүү мэд.
 
 
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Г.ЖАМЬЯН