sonin.mn
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 102  жилийн ой өнөөдөр тохиож байна. Жил бүрийн энэ өдөр Монгол Ардын Намын удирдлагууд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
 
 
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын Удирдах зөвлөлийнхөн, Нийслэлийн МАН-ын хороо, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллага, “Ю.Цэдэнбалын академи”-ийн төлөөллүүд болон Ю.Цэдэнбалын ар гэр, төрөл төрөгсөд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
 
 
Ерөнхий сайд, Монгол Ардын Намын Дарга У.Хүрэлсүх энэ үеэр хэлсэн үгэндээ Маршал Ю.Цэдэнбал нь улс эх орондоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг авч ирсэн улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн байсан төдийгүй 1939, 1945 оны дайны жилүүдэд ардын армийн арыг хариуцсан комиссар, бүх цэргийн жанжны орлогч Улсыг батлан хамгаалах зөвлөлийг удирдсан гарамгай мастер байсныг дурьдаад “...нэгэн үе түүхийг гуйвуулан түүний нэр хүндийг гутаан доромжилж гүтгэн харлуулж улмаар чин шударгаар ажиллаж хөдөлмөрлөж байсан бүхэл бүтэн үеийнхний түүхийг баллуурдсан гутамшигт явдал манай нэн шинэ үеийнхний түүхэнд гарч байсныг хэлэх ёстой.
 
 
Гэвч өнөөдөр түүх үнэнээрээ үлдсэнийг бахархан хэлэхэд таатай байна. XX зууны монголчуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээж, хоёргүй үнэн сэтгэлээр төр засгаа удирдаж, Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсэн энэ өдөр бид зөвхөн түүний алдар гавьяаг дурсаад зогсохгүй, түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хөдөлмөрлөж байсан ахмад үеийнхээ хичээл зүтгэлийг хүндэтгэж, тэдний үнэтэй сургамж зөвлөгөөг сонсон ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх гэсэн зорилго дор цугладаг. Ю.Цэдэнбал агсны мэндэлсэн энэ өдөр гурван үеийн түүхийг бататгаж, ачааны хүндийг үүрэн өнөөдрийн нийгмийн цогцлоож, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийг авч ирсэн бүх ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг өдөр юм” гэдгийг онцоллоо.
 
 
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал нь 1916 онд Увс аймагт, айлын тав дахь хүү болон мэндэлжээ. Тэрээр БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж, 1940 оноос хойш нам, төрийг тасралтгүй 44 жил удирдсан байдаг.
 
 
Энэ хугацаандаа улс эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлыг баталгаажуулан, хөгжил дэвшлийг авч ирж, улс ардын аж ахуйн бүхий л салбарыг бий болгон, ард түмнээ эрүүл, боловсрол соёлтой болгоод зогсохгүй НҮБ-д Монгол Улсаа гишүүнээр элсүүлэн, төрийнхөө далбааг НҮБ-ын тэнгэрт мандуулж, огторгуйн уудамд иргэнээ нисгэх их үйлсийг удирдан манлайлсан МУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар юм. Тэрээр түүхийн эгзэгтэй мөчид санаачлагыг гартаа авч 1963 онд БНХАУ-тай, 1977 онд ЗХУ-тай тус тус хилийн гэрээг амжилттай хийж, хөрш орнуудаар торгон хилээ хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн ач холбогдолтой үйл хэргийг зохион байгуулж байжээ.  Мөн атар газрыг эзэмших, их бүтээн байгуулалтыг цогцлоон сүндэрлүүлэх, ард түмнээ соён гэгээрүүлсэн бичиг үсэгтэн болгох түүхэн үйл хэргийг удирдан манлайлсан улс төрийн удирдагч юм. Түүнчлэн бүх нийтээрээ бичиг үсэгтэн болсон анхны улс болж ЮНЕСКО-ын шагнал хүртэж, Монгол гэдэг нэрийг дэлхийн нийтэд зарлуулж чадсан түүхэн бахархал мөн л түүний үйл хэрэгтэй салшгүй холбоотой. Өнгөрсөн зууны Монгол Улсын мал аж ахуй, дэд бүтэц боловсрол, эрүүл мэнд, хот байгуулалт, гадаад хамтын ажиллагаа зэргээс эхлээд нийгмийн бүхий л салбарт олсон үсрэнгүй хөгжил дэвшлийг Ю.Цэдэнбал гэдэг хүний түүхэн хэргээс салгахын аргагүй юм.