sonin.mn
ДАМАСК./ТАСС/. Сири улсад зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойшхи долоон жилд анх удаа орон нутгийн сонгууль ням гарагт эхэлсэн тухай тус улсын “SANA” агентлаг мэдээллээ.
Санал өгөх 6500 гаруй хэсгүүд орон нутгийн цагаар 07:00 цагт нээгдэж, 19:00 цагт хаагдсан байна. Зайлшгүй тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооноос санал авах хэсгүүдийн ажлын цагийг 5 цагаар сунгах боломжтой байсан аж.
“Сонгогчдын аюулгүй байдлыг хангахын тулд эрх баригчид бүхий л арга хэмжээг авч, бэлтгэл ажлыг хангасан” гэж Сирийн орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд хариуцсан яамнаас урьд нь мэдээлжээ. Тус байгууллагын тэргүүн Хусейна Махлюфын хэлснээр, “энэ удаагийн сонгууль нь Сирийн байдлыг тогтворжуулах, сэргээн босгох үйл явцыг түргэтгэх гол хүчин зүйл болох” ажээ.
“SANA” агентлагийн мэдээлснээр, Орон нутгийн сонгуульд 88 тойрогт 40000 гаруй хүн нэрээ дэвшүүлсэн байна.
Зэвсэгт мөргөлдөөний жилүүдэд анх удаа болж буй уг сонгууль нь Арабын тус улсад терроризмыг ялан дийлснийг дэлхий ертөнцөд мэдэгдэж буй сонгууль юм гэж Сирийн Ерөнхий сайд Имад Хамис Дамаск хотын сонгуулийн нэгэн хэсэгт ням гарагт  сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Сирид 2016 оны эхээр орон нутгийн сонгуулийг явуулах ёстой байсан боловч улс орны тогтворгүй байдлын улмаас хойшлуулжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг