sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцоод ирлээ.
Тэрээр чуулганы индэр дээрээс “…Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэхийг уриалж байна.
Бид энэхүү супер сүлжээний бодит эхлэл болгож, Монгол Улс-Хятад улс хамтарсан эрчим хүчний цогцолбор болон үлэмж өндөр хүчдэлийн шугамын төсөл эхлүүлж байгааг мэдэгдэхэд таатай байна. Энэхүү цогцолбор нь нар, салхи, нүүрсний эх үүсвэрээс нийт таван мянга гурван зуун тавин (5350) МВт-ын суурилагдсан хүчин чадалтай станцуудаас бүрдэх юм. Мөн Монгол Улсаас Хятад улс руу 1,500 км үлэмж өндөр хүчдэл бүхий  цахилгаан дамжуулах тогтмол гүйдлийн шугам татна. Цогцолборын судалгааны ажил, ТЭЗҮ бэлтгэгдэж дууссан бөгөөд удахгүй бүтээн байгуулалтын ажил эхлэх болно.
Ер нь Монгол Улс уудам нутагтай учир нар, салхины эх үүсвэрийн цахилгаан үйлдвэрлэл нь улирлын болон цагийн бүсийн зөрүүнээс үүдэн Япон, Солонгос улсуудын оргил цагийн ачааллыг хөнгөвчлөх, түүнээс гадна хураагуурын үүрэг гүйцэтгэх боломжтой. Сэргээгдэх эрчим хүч хэрэглэх нь аль ч улсын хэрэглэгчдэд таалагдах биз ээ. Энэхүү сүлжээ нь Зүүн хойд Азийн бүс нутгийг хамарсан эрчим хүчний интеграци болох бөгөөд Азийн супер сүлжээний эхний шат гэж харж байна.
Зүүн хойд Азийн супер сүлжээ нь бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, хөгжлийн шинэ боломжийг нээхийн зэрэгцээ бүс нутгийн бүх орнуудын итгэлцлийг бэхжүүлэх чухал хүчин зүйл болно гэж үзэж байна” гэж мэдэгдлээ.
 
Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ тухайд “…Монгол Улсын дэвшүүлсэн санаа агуу том, ирээдүйтэй төсөл. Гэхдээ энэ санаачилгыг практик алхмаар урагшлуулахын тулд түүний зорилго чиглэлийг тодорхой болгох хэрэгтэй. Бид одоо түүнийг идэвхтэй урагшлуулна. Газар зүйн үүднээс авч үзвэл Хятад, Орос, Монгол улсуудад хамтын ажиллагаа хэрэгтэй байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрээр манай Ерөнхийлөгчийн санаачилгын зорилго, чиглэл нь жаахан бүрхэг байна гэдгийг  хэлжээ.
Энэ яахав, яадаг ч байсан дэвшил. Сэтгэлд гал байхад зууханд түлээ олдоно гэдэг шиг хоёр хөрш дэмжээд өгөхөд “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төсөл ажил хэрэг болоод явчихна.
Энэ талаар манайдаа мэргэжлийн хүмүүс ч тодорхой байр суурь, боломж, бас саадын талаар ярьсан байна.
 
Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Жигжид “…Манай улс дэлхийн супер хэрэглэгч урд хөршөө эрчим хүчээр бүрэн хангах хэмжээний нөөцтэй ч шийдвэр гаргалт удаан, тодорхойгүй байдлаас болж олон зүйлийг хойш чангааж байгаад харамсаж байгаа”, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “…Монголд өвөл 17:00 цагаас хойш наргүй болчихоор нарны станц эрчим хүч нийлүүлж чадахгүй болно. Тэгвэл үүнийг юугаар нөхөх вэ гэдгээ бид шийдэх ёстой”, “Монхорус Интернэшнл” ХХК-ийн Эрчим хүч, бизнесийн хөгжлийн газрын захирал Б.Батлхагва “…2023 он гэхэд Хятад, Монгол, Япон, Солонгос хэдийнээ эрчим хүчний сүлжээнд холбогдчихсон байх болов уу.
Ерөөсөө ч Япон улс 2020 оны Олимпын наадмаас өмнө Монголоос эрчим хүч авахаа зарлачихсан”, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Азийн супер сүлжээг эхлүүлэхэд үнийн зөрүүтэй байдлыг нэгтгэх бас нэг асуудал байгаа. Учир нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд салхи болон нарны эрчим хүчний тарифыг хатуу заачихсан байгаа нь үнэ өсөх эрсдэлийг бий болгож байгаа” гэсэн янз бүрийн байр суурийг илэрхийлж байна.
 
Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ч “…Гол түнш орнуудтай худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, түүний дотор Монголоос гаргах уул уурхайн бус, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна” гэж Дорнын эдийн засгийн чуулган дээр мэдэгдсэн.
Тэрээр нар, салхи, усны эрчим болон газрын гүний дулаан, биомасс зэрэг байгалийн байнга нөхөн сэргэх нөөцийг ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхийн зэрэгцээ эрчим хүчний буюу хүрэн нүүрсийг дотооддоо ашиглана гээд байгаа хэрэг.
Ер нь бол манайхны голчлон хэрэглэх нөөц нь нар, салхиных гээд байгаа. Тэр тусмаа говь бол нарны эрчим хүчний нөөцөөр дэлхийд гуравт ордог төдийгүй тогтмол бөгөөд хангалттай хүчтэй салхитай тул нар, салхины эрчим хүчний технологийг хоршуулан хэрэглэхэд нэн таатай газар нутаг гэдэг.
Гэхдээ манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд салхины хүчээр эрчим хүч гаргаж авах нь байгальд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бас бодолцох ёстой байж мэднэ.
Нөгөөтээгүүр нарнаас эрчим хүч гаргахад газар хамгийн чухал. Хэр хэмжээний, хэчнээн шоо метр газар хэрэгтэй болох талаар судалгаа тооцоо гаргаж таарах байх.
“Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ”-г бий болгоход энэ мэтчилэнгийн хийх ажил их байгаа юм.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд арай өөр зүйл яриад байна. Уг нь тэр Ерөнхийлөгчийг дагаад Владивостокт очоод ирсэн. Тэр утгаараа Ерөнхийлөгчийн уриалгыг ч ажил хэрэг болох сайхан санаачилга хэмээн хэвлэлд ярьсан байна. Гэхдээ тэрээр араас нь Ерөнхийлөгчөөс эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
 
З.Энхболд “…Хэрэв боомттой болох юм бол өөрсдөө тохижуулж, экологийн шаардлага хангасан буюу төмөр замаас усан зам руу шилжих үед нүүрс нь тоос босдоггүй байх байшин барих ёстой гэсэн зүйлийг ярьж байгаа. Манай нүүрсний компаниуд жилд гаргах хэмжээгээ бодож байгаад багахан бол тэдний боомтод хөлсийг төлөөд явчих, их хэмжээгээр байх юм бол өөрийн гэсэн боомттой болсон нь дээр л дээ. Энэ өнгөрсөн жил шийдэгдсэн асуудал юм. Үүнд саад болж байгаа нэг зүйл нь Тавантолгой-Сайншандын төмөр замын асуудал. Уг төмөр замыг барихгүй бол нүүрс дахиад төмөр зам руугаа ирж амжихгүй.
Боомттой болъё гэвэл энэ төмөр замыг баригдаж дуусахтай зэрэгцэх хэрэгтэй. 20, 30 сая тонн нүүрс одоогийн төмөр замаар явж багтахгүй шүү дээ. Мөн дээрээс нь 100 тэрбум рублийн зээлээр хийх нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлэх ажилтай уялдаж байгаа. Сайншандад төмөр зам бариад оччихлоо гэж бодоход Сайншандаасаа Наушкаар гарах үед нь ачаалал нь дүүрчихнэ. Тийм нөхцөл байдал үүсвэл ажил явахгүй. Боомттой болох, төмөр замын шинэчлэлийг хийх, Сайншандаас Цогтцэций рүү төмөр зам тавих зэрэг нь бүгд хоорондоо уялдаатай. Ингэж байж бид дэлхийн зах зээлд нүүрсээ зарна. Өнөөдөр Сайншанд хүрсэн төмөр зам байхгүй учраас Хятадын компаниудын хэлсэн үнээр нь дэлхийн зах зээлээс хямд үнээр өгч байна” гэжээ.
“…Баг ална” гэж ярьдаг даа. Ерөнхийлөгч Х.Баттулга уул уурхайн бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээж гаргана гэж дэлхий нийтэд зарлаад иртэл Тамгын газрын дарга З.Энхболд нь “…Түүхийгээр нь өндөр үнээр зарах боломжтой. Зөвхөн Хятад, Орос руу биш усан замаар гаргаж дэлхийд нүүрсээ зарна” гэсэн үлгэр ярьсан шиг сууж байгаа юм.
Ийн Х.Баттулга супер сүлжээ, харин З.Энхболд нүүрсний сүлжээ ярьж байна. Өөрөөр хэлбэл,  Ерөнхийлөгч эрчим хүч, Тамгын газрын дарга нь нүүрсээ л дэлхийд гаргана гэж байна.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин