sonin.mn
СӨҮЛ. /ТАСС/. Өмнөд болон Умард Солонгос 2032 онд болох Зуны олимпийн наадмыг хамтран зохион байгуулах, түүнчлэн 2020 онд Токио хотод болох олимпийн наадамд нэгдсэн баг тамирчдаа оролцуулах хүсэлтээ илгээх бодолтой байна. Энэ тухай хоёр Солонгосын удирдагчдын энэ онд болсон 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын дүнд гаргасан тунхаглалд дурджээ.
Ийм боломжуудын талаар өмнө нь Өмнөд Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд То Чон Ван мэдэгдэж байсан юм. Түүний ярьж байгаагаар, тэмцээнийг Сөүл болон Пхеньянд зохион байгуулах асуудал яригдаж байгаа аж.
Хоёр Солонгос олимпийн наадамд нэгдсэн баг тамирчдаа оролцуулж байсан туршлагатай билээ. Тухайлбал, 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолд хоёр Солонгосын баг тамирчид нэг далбаан дор оролцож байсан удаатай билээ. Түүнчлэн тус наадмын эмэгтэйчүүдийн хоккейн төрөлд хоёр Солонгосын эмэгтэйчүүдийн нэгдсэн баг оролцож байсан юм. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг