sonin.mn
2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш 10 жил өнгөрч байгаатай холбогдуулан Америкийн JP Morgan банкны шинжээч Марко Коланович дүн шинжилгээний тусгай илтгэл бэлтгэж, түүндээ Америкийн болон дэлхийн эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг урьдчилан таамаглажээ.
Илтгэлд дурдсанаар, дэлхийн санхүүгийн зах зээлүүд 10 жилийн өмнөхтэй харьцуулахад шинэ хямралын өмнө илүү эмзэг байгаа аж. Дор дурдсан таамаглал зураглалуудаас хамгийн уршиг ихтэй нь тохиох аваас ирээдүйд дэгдэх хямрал нь бүх нийтийг хамрах болно. Тодруулбал, эдийн засгийг аврахын тулд Төв банкууд хямралд хамгийн ихээр өртсөн компаниудын хувьцааг худалдан авснаар тэдгээрийг нийгэмчлэхээс өөр аргагүйд хүрэх аж.
Таагүй нэр томьёонууд ашиглан хийсэн ийм гутрангуй сөрөг таамаглалд Америкийн болон дэлхийн санхүүгийн зах зээлийг зохицуулагч байгууллагуудыг ихэд буруутган шүүмжилжээ. Үүнээс үзвэл, зөнч мэргэн гэдэг нэр алдар олж авахын тулд хэн нэгэн шинжээч хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татахыг хүсч байна гэсэн дүгнэлтийг төвөгүйхэн хийж болно. Гэхдээ ер нь бол, жирийн шинжээчид, нэртэй шинжээчид, туршлагатай шинжээчид гэж байдгийн дээр Марко Коланович гэдэг шинжээч бий. Түүний боловсруулсан таамаглал нь дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татаж буйн шалтгаан нь гэвэл, Коланович бол хэтэрхий гутранги хүн биш боловч дэлхийн зах зээлүүд дээр өмнө нь болж бэрхшээлтэй асуудлуудыг урьдчилан таамаглаж байсан гэдгээрээ нэр хүндтэй болсон хүн юм. Хэрвээ тухайн хүн хэд хэдэн жижиг хямралыг урьдчилан таамаглаж чадсан бол тэрбээр илүү том хямрал болно гэдгийг урьдаас мэдэж чадна хэмээн сэтгүүлчдийн хийж буй логик дүгнэлтийг ойлгож болно л доо.
Түүнээс гадна, 2,7 их наяд долларын актив бүхий Рокфеллерийн гэр бүлийнхний банк гэгддэг JP Morgan-д тохиолдлын хүмүүс ахлах шинжээчээр ажилладаггүй юм. Коланович өөрөө “зөнч-математикч” гэсэн алдрыг хүртсэн хүн бөгөөд одон орончид гарагуудын хөдөлгөөнийг тооцоолдогийн нэгэн адилаар тэрбээр санхүүгийн зах зээлүүд дэх хөдөлгөөнийг тооцоолон судалдаг.
 
Колановичийн таамаглалууд нь санхүүгийн зах зээлүүдийн өнөөгийн бүтцийн эмзэг байдалтай холбоотой хэд хэдэн үндэслэлүүд дээр тогтож байна. Тэрбээр илүү их мөнгө олохын тулд Уолл-Стритэд ирж ажиллахаасаа өмнө физикийн ухааны докторын зэрэг хамгаалсан хүн юм.  
2008 оны хямралаас хойших 10 жилийн хугацаанд автомат компьютерийн системүүдийн хийж буй биржийн арилжааны операциуд болон тэдгээрийн гаргаж буй санхүүгийн шийдвэрүүдийн тоо эрс өссөн. Эдгээр шийдвэрийг хүний оролцоогүйгээр, секундээс бага, хэдхэн долийн хугацаанд гаргаж байгаа юм.
Aite Group-ийн тооцоолсноор, Америкийн хөрөнгийн зах зээлд хийгдэж буй хэлцлүүдийн 65 орчим хувийг хүмүүс бус харин компьютерийн алгоритмууд хийж байна. Коланович хэд хэдэн бичил хямралын талаар зураглан таамаглаж байжээ. Жишээ нь, энэ оны 2 дугаар сард Америкийн зах зээлд тодорхой шалтгаангүйгээр нэлээд хэдэн хувийн уналт болсон билээ. Эдгээр жижиг хямралууд нь олон их наяд долларыг хөдөлгөж буй компьютерийн программуудын “сүргийн зан авир”-тай холбоотой аж. Учир нь, иймэрхүү төрлийн бараг бүх программд хүний хэлээр бол “хэрвээ ямар нэгэн ер бусын, ойлгомжгүй зүйл тохиолдох аваас бүгдийг яг одоо зар” гэсэн зааварчилгаа өгөгдсөн байдаг гэнэ. Үүнээс үүдэн гинжин урвал үүсч, нэг хэсэг компьютерууд сандралд орж, хувьцааны багцуудыг боломжийн гэж үзсэн ямар ч хамаагүй үнээр зарж эхэлдэг байна. Үүнийг нь бусад компьютерууд анзаарангуутаа мөн адил  хувьцаануудыг зарж эхэлнэ. Ийм байдлаар зах зээлийг бүрэн уналтад оруулдаг байна. Харин гэнэт хямдарсан хувьцаануудыг худалдан авахаар зах зээлд орж ирсэн хүмүүс ийм байдлыг зогсоож байсан. Гэтэл сүүлийн 10 жилийн хугацаанд тэднийг бараг бүгдийг  нь хэрэггүй гэж үзээд ажлаас нь халчихсан юм. Цалин болон ээлжийн амралтын мөнгө өгөх шаардлагагүй, өмнөөс нь тэтгэврийн санд мөнгө төлөх шаардлагагүй компьютеруудтай харьцуулахад тэд бол хамаагүй үнэ цэнэтэй юм. Дээрх гинжин урвалыг Коланович “хөрвөх чадварын их хямрал” гэж нэрлэжээ. Үүний эсрэг хатуу арга хэмжээ авахын тулд дахиад л Төв банкуудын мөнгө хэвлэдэг машинуудыг ашиглахад хүрнэ. Энэ нь урьдчилан төсөөлөхийн аргагүй эдийн засаг, нийгмийн сөрөг үр дагавартай байдаг билээ.    
Гэхдээ ийм хямрал маш богино хугацаанд болж, хүмүүс зах зээл дээр эмх цэгцийг тогтоох ба үүний үр дүнд бүх зүйл эргээд сэргэнэ гэж төсөөлж болох юм. Гэхдээ эхний гинжин урвалаас үүдэлтэй цочрол нь зөвхөн богино хугацаанд үүссэн тохиолдолд л сэргэлт гарах боломжтой. Гол асуудал юунд байна вэ гэхээр, хэрвээ энэ цочрол нь системийн шинжтэй байх аваас зах зээлийг уламжлалт аргаар аварч чадахгүйд л байгаа юм. Энэ  тал дээр хямралыг урьдчилан таамагладаг өөр нэгэн зөнч мэргэн хүн буюу Moody’s агентлагийн ерөнхий эдийн засагч Марк Занди-гийн үгийг сонсох хэрэгтэй. Тэрбээр өөрийн бичсэн дүн шинжилгээний нийтлэлдээ, дэлхийн санхүүгийн хямрал давтагдахад хүргэж болзошгүй тэрхүү цочрол нь хэрхэн үүсч магадгүй талаар нэлээд бодитой зураглалыг гаргасан байдаг.     
Ноён Занди-гийн баталж байгаагаар, өмнөх хямрал нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд эхэлсэн бөгөөд улмаар санхүүгийн салбар болон эдийн засгийг бүхэлд нь хамарчээ. Харин энэ удаад хямралын голомт, гинжин урвалын эхлэлийн цэг нь зээл авсан Америкийн компаниуд юм. Ийм дүгнэлт юутай холбоотой вэ? Сүүлийн 10 жилийн хугацаанд АНУ-ын явуулсан мөнгөний ба зохицуулалтын бодлого нь ипотекийн зээлийн хөөсний оронд “хогийн” компаниудын авсан зээлийн хөөс үүсэхэд хүргэжээ. Хэрвээ мөнгөний илүү хатуу бодлого явуулсан бол эдгээр компаниуд огт зээл авах ёсгүй байсан юм.
Одоогийн байдлаар, зээл авсан Америкийн компаниудын өрийн хэмжээ 2,7 их наяд долларт хүрсэн бөгөөд энэ тоо маш хурдацтай өсч байна. Зээлийн ихэнх нь хөвөгч хүүтэй бөгөөд Холбооны нөөцийн сан цаашид бодлогын хүүгээ өсгөх аваас зээл авсан компаниуд болон зээлдэгчид яг л даалууны адилаар бие биенийхээ дээрээс дарж унах болно. Гэхдээ энэхүү хөнөөлт муу зээлүүдээс болж хямрал дэгдэнэ гэж үзэхэд эрт байна гэдгийг Moody’s агентлагийн эдийн засагч хэлж байна. Үүний сацуу, 2008-2009 оны хямралын өмнөх нөхцөл байдалтай төстэй байдал үүсээд байгаа нь таагүй бодол төрүүлж байгаа аж. “Хогийн компаниуд”-ын урьд өмнө нь хэзээ ч болж байгаагүй уналтын давалгаа Америк руу ойртож байгаа бөгөөд энэ давалгаа нь эдийн засагт бүхэлд нь маш таагүй үр дагавар авчирна гэдгийг Moody’s агентлаг өөрийн үйлчлүүлэгчдэд анхааруулсныг хэлэх нь зүйтэй. 
Орчин үеийн дэлхийн эдийн засаг нь маш цогц нэгдмэл болсон учраас АНУ-д ээлжит хямрал дэгдсэн тохиолдолд өмнөх удаагийнхтай адилаар хямрал анх үүссэн тэр газартай огт хамаагүй улс орнууд ч өртөх болно. Даяаршлын мөн чанар нь угтаа ийм бөгөөд хямрал дэгдсэн нөхцөлд маш олон улс орны хувьд даяаршлын үйл явцыг буцааж ухраах гэсэн хүсэл төрнө. Хэрвээ болдогсон бол Америк тив дэх Вашингтоныг тусгаарлаж, түүний улс төр, эдийн засгийн хортой нөлөөллөөс дэлхий дахиныг ангижруулах хүсэл төрж ч магадгүй.
 
 
Орчуулсан Б.Адъяахүү
Эх сурвалж: 
http://vesti76.ru/politika/vedyshii-analitik-banka-rokfellerov-mir-stoit-na-poroge-syperkrizisa.html