МОСКВА. /АиФ/. Оросын Ил-20 нисэх онгоц Сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчний харвасан пуужинд өртөн сүйрсэн хэрэг гарсантай холбоотойгоор Сирийн Ерөнхийлөгч Башар Асад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд эмгэнэл илэрхийлсэн цахилгаан илгээжээ.
“Газар дундын тэнгис дээгүүр нисч явсан Оросын Ил-20 нисэх онгоц пуужинд өртөн сүйрч,  Сири дэх терроризмтай тэмцэхээр Оросын зэвсэгт хүчинд үүргээ гүйцэтгэж явсан баатарлаг цэргүүд амь үрэгдсэн явдалд өөрийн болон Сирийн ард түмний нэрийн өмнөөс таньд болон Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна" гэж уг цахилгаанд дурджээ. 
Энэ хэргийн хариуцлагыг Израиль үүрэх ёстой гэж Сирийн эрх баригчид үзэж байгаа юм.
Цахилгаанд мөн “Энэ эмгэнэлт явдал бол жигшүүрт зорилгодоо хүрэхийн тулд байнга бохир, түрэмгий арга ашигладаг Израилийн дээрэнгүй, ширүүн байдлын үр дүн юм. Ийм эмгэнэлт явдлууд нь  та бидний терроризмтай тэмцэх тэмцлийг зогсоохгүй гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн тэмдэглэжээ. 
 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг