sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/. АНУ-д хийж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын талаар ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ. Тэрбээр "Энэ айлчлалын хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагааны замын зураг хэмээх тусгай баримт бичиг гарна. Эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны харилцаагаа эрчимжүүлэхийн зэрэгцээ соёл хүмүүнлэг, боловсролын чиглэлийн хамтын ажиллагаа илүү өргөжнө. Энэ бол хоёр орны харилцааны цар хүрээ улам нэмэгдэж, шинэ түвшинд гарч байна гэсэн үг. Өнөөгийн түвшнээсээ ахиулсан харилцаанд хоёр талаасаа зорилготой хамтарч ажиллана. Тэр хүрээнд ч баримт бичгүүд гарч байна.
 
 
Айлчлалын хүрээнд “Мянганы сорилтын корпораци”-ийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох гэрээний хүрээнд Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурна. Ингэснээр 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээ нэг мөр шийдэгдэж, хэрэгжихэд бэлэн болж байна. Энэ санхүүжилтээр Улаанбаатар хотын усан хангамжийн асуудлыг шийднэ. Дэлхийн ихэнх оронд нэвтрээд байгаа саарал ус гаргаж үйлдвэрлэлд ашиглах технологийг нэвтрүүлнэ. Энэ төсөл нь хоёр орон харилцан ээлтэй хандаж буйн тод илрэл юм.
Мөн Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрээ албан ёсны айлчлалынхаа үеэр танилцууллаа. Саяхан тус улсын Зүүн эргийн Хойд Каролина, Виржиниа мужуудад "Флоренс" хар шуурга, хар салхи дэгдсэн. Үүнээс болж эдийн засгийн маш их хохирол учирч, хүний амь нас эрсэдсэнд Монгол Улсын Засгийн газрын зүгээс харамслаа илэрхийлж сэтгэлийн дэм болгон 100 мянган ам.долларын тусламж үзүүлэх шийдвэр гаргаснаа уламжиллаа. Энэхүү тусламжаа бид тэмээний ноосон хөнжил хэлбэрээр олгохоор болсон" хэмээв.
Ерөнхий сайдын айлчлал үргэлжилж буй бөгөөд маргааш АНУ-ын Төрийн Депертамент, ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагад уулзалт хийнэ. Мөн айлчлалын дүнд талууд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, АНУ-ын хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай замын зураглалыг тохиролцох юм. Түүнчлэн айлчлалын хүрээнд АНУ дахь Монголчуудтай уулзалт хийхээр төлөвлөөд байгаа юм.
Айлчлал АНУ-ын нийслэл Вашингтон хотод үргэлжилж буй бөгөөд дараа нь Нью Йорк хотод айлчилж, Социалист Интернационал байгууллагын төр, засгийн удирдагчдын жилийн уулзалтад оролцож үг хэлнэ гэлээ.
 
Д.Догсом
Эх сурвалж: Монцамэ агентлаг