sonin.mn
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.
 
-Ардчилсан намын “Нийслэлийн чуулган 2018”-ын үеэр гишүүд нь архидаж, нэгнийгээ түлсэн гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Ийм хэрэг гарсан юм уу?
 
-Ардчилсан намын гишүүд бие биенийгээ түлсэн гэсэн мэдээлэл ямар ч үндэслэлгүй. Зүгээр л Ардчилсан намын нийслэлийн чуулганыг харлуулах гэсэн сөрөг мэдээлэл гаргаж байгаа юм. Галын наадам хийж, салют буудуулсан нь үнэн. Гэхдээ тэнд хэн ч түлэгдээгүй. Түлэгдэхээр ч нөхцөл байдал болоогүй. Би өөрөө галын наадмын галыг асаасан. Намын дарга уламжлалын дагуу галыг нь асаадаг. Тэнд хүн бүр баяр хөөртэй байсан.
Гэтэл хавтгайрсан архидалт болсон мэтээр бичсэн байна лээ. Тэр үед архидалт болоогүй. Хоёрдугаарт, үйл ажиллагаанд Солонгосын Гүнгмин их сургуулийн дөрвөн багш, Конрад-Аденауэр-Сангийн төлөөлөгчид оролцсон. Гаднын төлөөлөгчид оролцож байхад архидалт болно гэж юу байх вэ. Ямар ч асуудал гараагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
 
-Намын шинэчлэлээ эхлүүлээд хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Харин намын гишүүд тань ардчиллыг үндэслэгч лидерүүдээ гудамжид гаргалаа гэж шүүмжилж байна. Та лидерүүддээ халгаатай шинэчлэл хийчхэв үү дээ?
 
-Ардчилсан нам өмнө нь лидер дагасан нам байсан. Харин одоо лидер дагах биш гишүүдийнхээ оролцоог хангасан бодлогын нам болж шинэчлэгдэж байгаа.Шинэчлэлийн хүрээнд хийж байгаа л ажил юм даа. Өөрөөр хэлбэл, манай нам өмнө нь лидер нь оновол онож, алдвал алддаг байсан. Лидерүүд хоорондын хагарлаас болж бүлэг, фракцад хуваагдан, талцдаг байсан бол одоо гишүүдийн оролцоог хангасан бодлогын нам болох шинэчлэл рүү явж байна.
Шинэчлэлийн ажил эхлээд хоёр жил орчмын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд намын шинэчлэл маш амжилттай болж байна. Бүх шатны удирдлага, удирдах бүрэлдэхүүнийг дандаа бүх гишүүний санал хураалтаар сонгож байгаа. Гишүүдээсээ илүү оноо авсан хүн нь тухайн шатны намын дарга, удирдах бүрэлдэхүүнд орж ажиллаж байна.
Шат шатны сонгуульд сонгогдож чадахгүй бол гортигийн гадна үлдэнэ. Өнөөдөр лидер гээд байгаа манай намын нөхдүүд намдаа хүрч ирээд ажиллах боломж нээлттэй. Тэд гишүүдээсээ оноо авч, Үндэсний бодлогын хороо болон аймаг, дүүргийнхээ намын хороонд ажиллах боломжтой. Бид хэнийг ч хориогүй. Хэнд ч хориг тавиагүй. Бүх хүнд ижил тэгш гарааны нөхцөл тавьсан. Энэ нөхцөл ч өнөөдөр хэвээрээ байгаа.
 
-Ардчиллын лидерүүд өөрсдөө ирж, намынхаа үйл ажиллагаанд оролцохгүй байна гэсэн үг үү?
 
-Анхан шатны сонгуульд ирж, оролцохгүй байгаа юм. Урилга, заллагаар ямар нэгэн давуу эрх эдлэх гэж оролдоод байвал тийм юм байхгүй гэдгийг хэлье. Ардчилсан намд тийм цаг үе ард хоцорсон. Хэн нэгэн хүнийг урилга, заллагаар авч ирж, суудлын оройд суулгадаг цаг үе өнгөрсөн.
Одоо хэн нь илүү ажилласан, хэн нь гишүүдээсээ итгэл хүлээсэн тэр нь л дээш гарах боломжтой.Ингэж чадаагүй бол гортигийн гадна л үлдэнэ. Зарчим нь л тэр. Энэ бол манай намын шинэчлэлийн гол зорилго. Дахиад хэлье, гишүүдийн оролцоог хангасан, тэдний санал оролцоонд тулгуурласан бодлогын нам болж шинэчлэгдэж байна.
 
-Боловсон хүчин бэлтгэх бодлого ямар байгаа вэ. Сонгуулийн дараа Ардчилсан намын гишүүдээс олон хүн гадаад руу сургуульд явах шиг болсон?
 
Ер нь манай гадаад харилцаа нэлээд өргөжиж байгаа. Бид Дэлхийн ардчилсан холбооны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа илүү их сэргээсэн. Дэлхийн ардчилсан холбооны Испани Улсын Мадрид хотод болсон ээлжит хуралдаанд оролцсон. Манай гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар Дэлхийн ардчилсан холбооны дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мөн Ардчиллыг тууштай дэмжиж, Монголд үйл ажиллагаа явуулаад 25 жил болж байгаа Конрад-Аденауэр-Сангийн шинэ суурин төлөөлөгч ирж, гэрээгээ шинэчлэн байгуулсан. Үүнээс гадна АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран ажиллаж байна.
Хүрээлэнгийн шугамаар намын гишүүдээс гурван ээлжээр АНУ-д мэргэжил дээшлүүлэх чиглэлээр суралцаад ирлээ. Герман руу ч бас манай гишүүдээс явна. Мөн Солонгосын Гүнгмин их сургуультай хамтран ажиллах хүрээнд эхний ээлжид 20 гаруй хүн суралцаж байна. Английн Консерватив намтай харилцаагаа сэргээсэн. Өмнө нь Консерватив намтай нэлээд хамтарч ажилладаг байсан ч сүүлийн жилүүдэд харилцаа тасарсан. Тиймээс хоёр нам хамтын ажиллагаагаа сэргээж, аравдугаар сард болох их хуралд нь манай намын 10 гаруй хүн оролцохоор болсон.
Энэ намын шугамаар Англид хүмүүсээ сургаж, бэлтгэх ажил ярианы төвшинд байна. Энэ мэт боловсон хүчин бэлтгэх ажил амжилттай явж байна. Хоёр хөрш орны тухайд ОХУ-ын холбогдох улс төрийн намуудтай харилцаа тогтоох ажил судалгааны төвшинд байна. Хятадын Коммунист намтай уламжлалт харилцаагаа идэвхтэй сэргээж байгаа. Ирэх арваннэгдүгээр сард Хятадын Коммунист намын урилгаар манай намын төлөөлөгчид тус улсад айлчилна. Ерөнхийдөө гадаад харилцааны чиглэлээр нэлээд ажил хийж байгаа. Намын гишүүд ч идэвхтэй оролцож байна.
 
-Гадаадад бэлтгэгдсэн боловсон хүчнүүд намдаа ирэхэд ямар боломж хүлээж байгаа вэ. Ротаци хийхээр тэдний дээшлэх боломжийг хязгаарласан гэж шүүмжлэх хүмүүс байна?
 
-Хувь хүний оролцооноос л хамаарна. Идэвхтэй байвал ямар ч ротаци болсон сонгогдож үлдэнэ. Харин идэвхгүй, муу ажилласан хүмүүс нь ротацид бүдэрнэ. Ротац нь өөрөө намыг эрүүл байлгадаг гол хөшүүрэг. Гишүүдийнхээ дунд нэр хүндтэй, илүү ажиллаж чадсан нь л оноогоо байнга авна. Тэр хүн ямар ч ротаци болсон торох юмгүй үлдэж, намын үйл ажиллагаанд манлайлах үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой.
 
-Та Засгийн газрыг өр дарлаа гэхэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Өнгөрсөн долоо хоногт ч өрийн асуудлаар асуулга тавьсан байна лээ. Асуулга тавих шалтгаан нь юу байв?
 
-Засгийн газар 5.7 их наяд төгрөгийн өр дарлаа гэдгийг бүхий л мэдээллийг сувгаар явууллаа. Гэтэл төсвөөс 5.7 их наяд төгрөгийн өр дарах ямар ч боломжгүй байгаа юм. Яагаад гэвэл өнгөрсөн онд төсвийн алдагдал 2.8 их наяд гаруй төгрөг байсан. Энэ  оны төсвийн алдагдал 2.4 их наяд орчим төгрөг байгаа байх. Тэгэхээр хоёр жилд нийт 5.2 их наяд гаруй төгрөгийн дотоодын өр гарсан гэсэн үг.
Гэтэл Засгийн газар 5.7 их наяд төгрөгийн ер дарсан гэсэн ч гадаад өр 27.5 тэрбум ам.доллар хэвээрээ байгаа. Энэ өрөөс нэг ч ам.доллар хасаагүй. Өрийг өрөөр хугацааг нь хойшлуулж байгаа хэрэг. Тиймээс би Засгийн газраас яг хэдэн төгрөгийн өр хасагдсан, хаанаас эх үүсвэр авсан, дотоодын алдагдлаа хэрхэн нөхөж байгааг тодруулахаар асуулга тавьсан юм. Асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр нээлттэй сонсголоор авна гэж бодож байгаа.
 
-Ардчилсан нам засаг барьж байх үедээ ч өр тавьсан шүү дээ. Одоогийн Засгийн газрын төлж буй “Чингис”, “Самурай” бондын өрийг төлөхийн тулд “Гэрэгэ” бондыг гаргасан нь үнэн. Гэхдээ хүү бага, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, ор дарж буй нь хүнд үед ашигтай юм биш үү?
 
-Өр дарах биш хугацааг нь хойшлуулж байгаа юм. Ингэхдээ Ардчилсан намын үед тавьсан ерийг дарах гэж ядарч байгаа гэнэ. Уучлаарай, “Евро” бонд бол Сү.Батболдын Засгийн газрын үед тавьсан өр. Ардчилсан намын Засгийн газрын үед 2.1 тэрбум ам.долларын өр тавьсан. “Димсам” бондыг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат Сангийн сайд байхдаа авсан.
Ер нь 27.5 тэрбум ам.долларын өрийн 2.1 тэрбум ам.доллар нь л Ардчилсан намын үед авсан өр.25.4 тэрбум ам.долларыг нь МАН-ын Засгийн газрын үед авсан байдаг юм. Тэгэхээр хэн нь илүү улс орноо өрөнд оруулсан гэдэг нь ойлгомжтой болж байгаа юм.
 
-Одоогийн нөхцөлд зээл авахгүйгээр өр дарах боломжгүй юм биш үү?
 
-Боломж бий. Төсвийн орлогын эх үүсвэр болсон уул уурхайн түүхий эдийн үнэ хэд дахин өсчихлөө шүү дээ. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд 3.5 тэрбум ам.долларын зээл авчихлаа. Энэ их мөнгөөр юу хийсэн гэдэг нь тодорхойгүй. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлж байна гээд л тэдний үгээр хөдөлж байна. ОУВС-гийн хөтөлбөрийг сонгуулиар өгсөн амлалтаасаа ухрах гол шалтгаа болгож байна. Тэдэнд үнэмлэхүй олонхын эрхийг сонгогчид харамгүй өгсөн. Харин энэ нам юу хийв.
Хийж, бүтээх хугацаа нь талдаа орчихлоо. Сонгуулийн өмнөх жилд бүгээн байгуулалт хийж чадахгүй. Хоёрдугаарт, ихэвчлэн бүтээн байгуулалтын шав тавилаа. Цэвэрлэх байгууламж, Тавдугаар цахилгаан станцын шавыг тавьсан. Одоо ажил нь хэдэн хувьтай, ямар байгаа нь мэдэгдэхгүй байна. Багануурын станцыг барина гэсэн ч үндэсний аюулгүй байдалд асуудал үүснэ гээд л болиулсан. Ер нь, томоохон төсөл хөтөлбөр эхлүүлэх гэхээр л хэсэг эх орончид гарч ирдэг. Үүний ард томоохон бүлэглэл нуугдаж, санхүүжүүлдэг. Ийм л байдалтайгаар хоёр жилийг өнгөрөөлөө.
 
-Та Засгийн газар авсан зээлээрээ юу ч хийсэнгүй гэлээ. Ардчилсан нам засгийн эрхэнд байхад тухайн үеийн сөрөг хүчин болох МАН-ынхан бас л ингэж ярьж, асууж байсан байх. Тэгвэл Ардчилсан намынхан авсан зээлээрээ юу хийж байв?
 
-Бид “Монголоо сонсъё” үндэсний аян зохион байгуулж, бүх сум, аймгаар явж тайлангаа тавьсан. Зээлээр ямар бүтээн байгуулалт хийсэн гэдгээ бүгдийг нь тайлагнасан. Ардчилсан нам засаглаж байх үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ гадаад зах зээлд шалдаа буучихсан байсан шүү дээ. Нэг тонн коксжих нүүрсээ царай алдан байж 30 гаруй ам.долларт хүргэж байсан. Зэс гэхэд л 4,200 ам.доллар л байсан бол саяхан оргил үедээ 7,000 ам.долларт хүрлээ. 
Бид ийм хүнд үед “Чингис”, “Самурай” бондыг босгож, 1,080 аж ахуйн нэгж байгууллагад жижиг, дунд үйлдвэрлэлийн төслийн зээл олгосон. 3,000 гаруй километр хатуу хучилттай авто зам тавьж, 82 мянган айлын орон сууц барьсан. Олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Харин одоо өмнөх өрийг ярихаа болиод сүүлийн хоёр жилд авсан 3.5 тэрбум ам.доллароор юу хийснийг нь асууж байна.
 
 
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин