sonin.mn
МОСКВА./РИА Новости/. Хэрэв улсынх нь тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, хүч хэрэглэхгүй байх тухай санамж бичигт гарын үсэг зурвал Гүржийн удирдлагатай яриа хэлцээ хийхэд бэлэн байна гэж Өмнөд Осетийн Ерөнхийлөгч Анатолий Бибилов мэдэгджээ.
“Хүч хэрэглэхгүй байх тухай санамж бичигт гарын үсэг зурж, мэдээж хэрэг Өмнөд Осетийн Бүгд Найрамдах Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Гүржийн эрх баригчидтай яриа хэлцээ хийхэд бэлэн байгаа гэдгийг дахин цохон тэмдэглэмээр байна” гэж Өмнөд Осетийн Ерөнхийлөгч Анатолий Бибилов “Известия” сонинд ярилцлага өгөхдээ хэлсэн байна.
Тэрбээр мөн хэлэхдээ, “Өмнөд Осети яриа хэлцээ хийхэд үргэлж бэлэн байсан. Гэхдээ хүч хэрэглэхгүй байх тухай санамж бичигт гарын үсэг зурах зайлшгүй болзлыг тавина” гэсэн байна.
“Тэдэнд АНУ-ын зүгээс дарамт шахалт үзүүлж байгаа нь ойлгомжтой, үүнийг одоо нуух хэрэггүй болсон” гэж Бибилов нэмж хэлжээ.
2008 оны наймдугаар сарын 8-ны шөнө Гүрж зэрэг галладаг “Град” төхөөрөмжөөс Өмнөд Осетийн тал руу гал нээсний дараа ОХУ-ын эрх баригчид наймдугаар сарын 26-нд Абхаз болон Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Тухайн үед Михаил Саакашвили Гүржийн Ерөнхийлөгч байв. Өмнөд Осетийн оршин суугчдыг хамгаалах зорилгоор ОХУ тус улсад цэргээ оруулж, таван өдрийн байлдааны ажиллагаа явуулсны эцэст Гүржийн цэргүүдийг тус бүс нутгаас түрэн гаргасан билээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг