sonin.mn
ТОКИО. /Reuters/. Шинзо Абэ Японы эрх баригч намын даргын сонгуульд ялж, улиран сонгогдлоо. Хэрвээ тэрбээр цаашид байр сууриа бат хамгаалж чадвал Японы Ерөнхий сайдаар хамгийн  урт хугацаанд ажилласан улс төрч болох юм.
2006-2007 онд эрүүл мэндийн шалтгааны улмаас Ерөнхий сайдын суудлаасаа бууж байсан тэрбээр ирэх оны 11 дүгээр сар хүртэл энэ байр сууриа хадгалах юм бол Японы Ерөнхий сайдаар хамгийн урт хугацаанд ажилласан улс төрч болох ажээ. Одоогийн байдлаар хамгийн урт хугацаанд Японы Ерөнхий сайдаар ажилласан улс төрч бол Таро Кацура бөгөөд тэрбээр энэ албыг 2886 өдөр хашсан байна.
Либерал Ардчилсан намын Парламентын болон бусад жирийн гишүүдийн нийт 810 саналаас Шинзо Абэ 553 санал авсан бол Японы ахмад дайчин, Батлан хамгаалахын сайд асан Сигеру Ишиба 254 санал авчээ. Гурван санал хүчингүйд тооцогджээ.
Либерал Ардчилсан нам тэргүүтэй эвсэл Парламентын олонхи учир Шинзо Абэ Ерөнхий сайдын суудлаа хадгалж үлдэх юм.
Гэвч тэрбээр удахгүй олон асуудалтай нүүр тулж эхэлнэ.
Тэдгээрийн нэг нь ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх дээд хэмжээний уулзалт бөгөөд энэ үеэр тэрбээр АНУ-тай хийж буй худалдаанд Японы тал 69 тэрбум долларын илүүдэлтэй байгааг бууруулах шахалттай нүүр тулах юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг