sonin.mn
ТОКИО. /Reuters/. АНУ-ын нөөц буурч, шатахууны эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор нефтийн үнэ гурван өдөр дараалан өссөн байна. Үүний зэрэгцээ Ираны нийлүүлэлт буурч байгаа асуудлыг зохицуулахаар ОПЕК-ийн гишүүн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхгүй байгаа нь үнийн өсөлтөд нөлөөлсөн байна.
Дэлхийн зах зээлд “Brent” маркийн түүхий нефтийн үнэ 26 цент буюу 0.3 хувиар өсч, 79.66 ам.долларт хүрчээ.
Харин “West Texas Intermediate” маркийн түүхий нефтийн үнэ 60 цент буюу 0.8 хувиар өсч, 71.72 ам.долларт хүрсэн байна.
АНУ-ын түүхий нефтийн нөөц таван долоон хоног дараалан унасан бол шатахууны эрэлт их байсны улмаас нөөц нь мөн адил асар их хэмжээгээр буурсныг АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн удирдах газрын тайланд дурджээ.
Энэхүү тайланд дурдсанаар, АНУ-ын түүхий нефтийн нөөц 2.1 сая баррелиар буурсан ажээ.
АНУ Ираны эсрэг хориг арга хэмжээ авснаар тус улсаас нефть худалдан авагчдын тоо буурсан билээ.
Үүнтэй холбогдуулан ОПЕК-ийн гишүүн орнууд болон ОХУ зэрэг бусад нефть олборлогч орнуудын төлөөлөгчид ням гарагт Алжирт уулзаж, Ираны нийлүүлэлтийн алдагдлыг бууруулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн байна. Улмаар Ираны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд гишүүн орнууд өөрсдийн олборлолтоо нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авах нь нефтийн үнийн өсөлтөд нөлөөлж байгаа юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг