sonin.mn
ВАШИНГТОН./ТАСС/. АНУ-ын эрх баригчид Оросын батлан хамгаалах-аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой 33 албан тушаалтныг хар жагсаалтдаа нэмж оруулжээ. Энэ тухай Америкийн Засгийн газрын өндөр албан тушаалтан сэтгүүлчидтэй утсаар ярилцахдаа мэдэгдсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео “CAATSA” буюу Америкийг эсэргүүцэгчдэд хориг арга хэмжээ авах тухай хуулийн хүрээнд “ОХУ-ын батлан хамгаалах болон тагнуулын салбарын эрх ашгийн төлөө ажилладаг 33 хүнийг хар жагсаалтад оруулсан”  гэж тэрбээр онцлон хэлжээ.
“Жагсаалтад багтсан эдгээр хүмүүсийн аль нэгтэй ажил хэргийн томоохон ажиллагаанд зориудаар хамт оролцвол хориг арга хэмжээ авна” гэж дээрх жагсаалтын бүрдүүлэлтийг зохицуулдаг “CAATSA”-гийн 231 дүгээр зүйлд заасан байна. Өөрөөр хэлбэл, уг хуулинд Оросын батлан хамгаалах болон тагнуулын байгууллагын салбарт хамтран ажиллаж буй гуравдагч орнуудын эсрэг Америкийн хориг хязгаарлалтыг хэрэглэх тухай зааж байгаа юм.
Жагсаалтад багтсан хүмүүс болон хуулийн этгээдүүдэд шинээр хориг арга хэмжээ аваагүй болно. Гэхдээ тэдгээрийн олонх нь урьд нь хэдийнэ Вашингтоны хориг хязгаарлалтад өртсөн байна.
Хар жагсаалтад орсон хүмүүс болон байгууллагууд
АНУ-ын эрх баригчид хяналтын жагсаалтынхаа батлан хамгаалах-аж үйлдвэрийн цогцолборын хэсэгт дараах гурван байгууллагыг оруулсан нь “Вагнер” цэргийн хувийн компани, "Оборонлогистика" хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Комсомольск хотын Ю.А. Гагарины нэрэмжит нисэх онгоцны үйлдвэр юм.
Оросын тагнуулын байгууллагатай холбоотой жагсаалтад Санкт-Петербургийн “Интернэт судалгааны агентлаг”, "Конкорд менежмент ба консалтинг" болон "Конкорд кейтеринг" хязгаарлагдмал хариуцлагатай компани, мөн Евгений Пригожин, Михаил Быстров, Михаил Бурчик, Александра Крылова, Анна Богачева, Сергей Полозов, Мария болон Роберт Бовда, Жейхун Асланов, Вадим Подкопаев, Глеб Васильченко, Ирина Коверзина, Владимир Венков, Виктор Нетыкшо, Борис Антонов, Дмитрий Бадин, Иван Ермаков, Алексей Лукашев, Сергей Моргачев, Николай Козачек, Павел Ершов, Артем Малышев, Александр Осадчук, Алексей Потемкин, Анатолий Ковалев, Игорь Коробов, Сергей Гизунов нарыг оруулжээ.
“CAATSA” нь “Америкийг эсэргүүцэгчдэд хориг арга хэмжээ авах тухай” хууль юм. Орос, Иран, БНАСАУ-ын эсрэг янз бүрийн нэмэлт хориг арга хэмжээ авах зорилготой уг хуульд Дональд Трамп 2017 оны зун гарын үсэг зуржээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг