МОСКВА. /РИА Новости/. Зэвсэг худалдан авах асуудлаархи хэлэлцээртэй холбогдуулан АНУ Хятадын Батлан хамгаалах яам болон Оросын “Рособоронэкспорт” компанийн ажилтнуудын эсрэг хориг арга хэмжээ авсан тухай Төрийн Департаментын цахим хуудаст байршуулсан баримт бичигт дурджээ.
Хязгаарлалтын арга хэмжээнд Хятадын Цэргийн төв зөвлөлийн цэргийн байлдааны бэлэн байдал, хангамжийн департамент болон тус газрын тэргүүн Ли Шанфу нар оржээ. Энэ зөвлөл нь Хятадын зэвсэгт хүчний удирдлагыг хэрэгжүүлдэг бөгөөд түүнийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин шууд удирддаг юм.
Түүнчлэн хориг арга хэмжээний жагсаалтад Оросын тээвэр логистикийн үйлчилгээ үзүүлдэг “Оборонлогистика” компани, “Сухой” онгоцыг үйлдвэрлэдэг Гагарины нисэх онгоцны үйлдвэр, Вагнерийн хувийн цэргийн компани багтжээ.
Өнгөрсөн жил Оросоос Су-35 сөнөөгч онгоцыг, мөн энэ оны 1 дүгээр сард С-400 зенитийн пуужийнгийн системийг худалдан авснаас үүдэн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авахаар болсон тухай Цагаан ордны төлөөлөгч цохон тэмдэглэжээ.
Хориг арга хэмжээнүүд нь Орос, Хятадын батлан хамгаалахын чадавхийг сулруулахад чиглэгдээгүй бөгөөд Оросын эрх баригчдад чиглэсэн юм гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг