sonin.mn
МОСКВА./РИА Новости/. Израиль улсын Агаарын цэргийн хүчний командлагч Амикан Норкин ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчидтэй Москва хотноо уулзахдаа, "Ил-20" цэргийн нисэх онгоцны сүйрлийн талаарх мэдээллийг өгсөн байна. Энэ тухай Израилийн арми мэдээлжээ.
Үүнээс гадна, “Иран улс Сирид байраа сууриа бэхжүүлэхийг болон “Хезболла” бүлэглэлд стратегийн зэвсэг нийлүүлэхийг оролдож байгаа” талаарх мэдээллийг израильчууд Оросын талд өгсөн байна.
Цаашид Сирид үйл ажиллагаагаа зохицуулах шаардлагатай байгааг Израилийн цэргийнхэн онцлоод, хоёр орны эрх ашгийг хүндэтгэх нь чухал болохыг цохон тэмдэглэжээ.
Оросын цэргийн тагнуулын нисэх онгоц болох "Ил-20" Сирийн эрэг хавиас 35 км-ын зайд Газар Дундын тэнгист Сирийн Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах зенитийн пуужингийн "С-200" цогцолборын пуужинд оногдон сүйрч, 15 цэргийн албан хаагч амиа алдсан юм. Израилийн нисэгчид Оросын онгоцоор өөрсдийгөө халхавчлан, “Ил-20” нисэх онгоцыг "С-200" цогцолборын галын шугамтай нэг шугаманд оруулсан гэж Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Израилийн нисгэгчид санаатайгаар аюултай нөхцөл байдал үүсгэсэн бөгөөд үүнийг дайсагнасан үйл ажиллагаа гэж Оросын эрх баригчид үзэж байгаа юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг