sonin.mn
Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр АНУ-д оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариу өгөв.
Тэрээр энэ удаагийн АНУ-д хийж буй айлчлалын дүнгээр хоёр талын харилцаа шинэ шатанд гарч, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг онцолж,  Монгол, АНУ-ын хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг тохирч хэрэгжүүлэхээр болсныг мэдээлэв.
Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас хилийн чанадад аж төрж буй буй иргэдээ хамгаалах, тэдэндээ шаардлагатай үед тусалж дэмжих зэрэг авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулж, АНУ-д манай иргэд зорчих, оршин суух таатай эрх зүйн орчинг бүрдүүлэхэд зарим ахиц гарч,  монгол иргэд АНУ-д H2A, H2B визээр хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргуулсныг онцлон тэмдэглэв.
Энэхүү уулзалтад АНУ-ын Вашингтон ДиСи орчмын Монголчуудын холбоо, “Монгол соёлын төв” ТББ,  Вашингтон хот дахь Монгол сургууль, “Соёл” төв зэрэг монголчуудын үүсгэл санаачилгын байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид зэрэг 150 гаруй иргэн оролцов.
Өнөөдрийн байдлаар АНУ-д 30 гаруй мянган монгол иргэн оршин сууж байна. 1999-2017 онд  манай улсын 160 гаруй мянган иргэн АНУ-д зорчсон бөгөөд жилд дунджаар 10 гаруй мянган монгол иргэн АНУ-д зорчиж байна.