МОСКВА. /РИА Новости/. Ираны Ахваз хотод болсон цэргийн жагсаалын үеэр 28 хүний аминд хүрсэн халдлагатай холбогдуулан тус улсын Засгийн газар даваа гарагийг орон даяар гашуудлын өдөр болгон зарлалаа. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.
“Хузестан мужийн зоригт хүмүүс болон халдлагын улмаас амиа алдагсдын арын гэрийнхэнд Лалын Бүгд Найрамдах Иран улсын Засгийн газар эмгэнэл илэрхийлэн, амиа алдсан хүмүүсийг оршуулах өдөр буюу есдүгээр сарын 24-ний даваа гарагийг үндэсний гашуудлын өдрөөр зарлаж байна” гэж тус улсын Засгийн газрын мэдээлэлд дурджээ.
Ираны Ахваз хотод бямба гарагийн өглөө цэргийн жагсаал үеэр халдлага үйлдсэн байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, халдлагын улмаас 28 хүн амиа алдаж, 60 хүн гэмтэж шархаджээ. Уг халдлагын хариуцлагыг Саудын Арави улстай холбоо сүлбээ бүхий “Ахваз дахь Эх оронч арабын ардчилсан хөдөлгөөн” хэмээх бүлэглэл өөртөө хүлсээсэн гэж “IRNA” агентлаг мэдээлсэн байна.
Ахвазад болсон халдлагад АНУ болон “Персийн булангийн орнуудын нэг нь” холбоотой гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани урьд нь мэдэгдэж байв. Ираны Ерөнхийлөгчийн хэлснээр, АНУ бүс нутагт хөлсний цэргүүдэд дэмжлэг үзүүлж, тэдэнд гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэн, халдлага үйлдэхэд хөлсний цэргүүдийг “өдөөн турхирч” байна.
Ахваз хотод цэргийн жагсаалын үеэр болсон халдлагын ард АНУ-ын удирдлага дор ажилладаг улс орнууд байгаа гэж Ираны шашны удирдагч аятолла Али Хаменей мөн урьд нь мэдэгджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг