НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн даваа гарагт Нью-Йоркт хотод АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамптай уулзах үеэрээ түүнд  Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны захидлыг дамжуулан өгсөн байна.
Хоёр улсын удирдагч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы арга хэмжээнд оролцохоор Нью-Йорк хотод хүрэлцэн ирээд байгаа юм. Хоёр Солонгосын энэ сарын дундуур хийсэн 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагчаас захидал хүлээн авчээ. Энэ уулзалтын дүнд талууд хоёр улсыг тусгаарлаж буй цэрэггүй бүс орчимд дайсагнасан ажиллагаа явагдахаас татгалзахаар тохиролцсон хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан юм.  
АНУ болон Умард Солонгосын шинэ дээд хэмжээний уулзалт ойрын хугацаанд болох хэдий ч энэ уулзалт өмнөх уулзалт болсон газарт буюу Сингапурт болохгүй байж магадгүй хэмээн Д.Трамп өмнө нь мэдэгдсэн байна. 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг