sonin.mn
Москва /МОНЦАМЭ/.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 24-26-ны өдөр ОХУ-ын Москва хот болон Таманий боомтод ажлын айлчлал хийж байна. Айлчллын эхний өдөр салбарын сайд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины туслах И.Е.Левитин, ОХУ-ын ҮХЯ, Роснефть ТӨУҮГ-ын удирдлагуудтай уулзалт хийв.
Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзаж Оросоос Хятадруу татах нефть, байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах, эдийн засгийн коридор байгуулах, Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг ирэх онд хамт тэмдэглэх зэрэг олон асуудлыг хэлэлцсэн. 
Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазрын энэ удаагийн айлчлал Дорнын эдийн засгийн форумаар хоёр орны төрийн тэргүүний хэлэлцэж шийдвэрлэсэн ажлын биелэлтийг эрчимжүүлж, хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж буй юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар ОХУ-ын Роснефть ТӨҮГ-ын Ерөнхийлөгч И.И.Сечинтэй уулзаж Монгол Улсад нефть хайгуулын хамтарсан судалгаа хийх, боловсруулах үйлдвэр барих, Монголын нутгаар хийн хоолой дамжуулах боломжийг газар дээр нь очиж судлах, Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг олон асуудлаар өргөн цар хүрээг хамран санал солилцсон юм. Мөн Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг шатахуунаар хангах ажлыг Роснефть компани хариуцахаар урьдчилан тохиролцлоо. 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар “Манай улсын хувьд шатахуун, түлш стратегийн чухал бүтээгдэхүүн. Тиймээс уг бүтээгдэхүүний нөөц хангамжийг зохих түвшинд байлгаж, гаалийн баталгаат агуулах нэмэж барих шаардлага тулгарч байна. Түүнчлэн ард иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг шатахууны үнийг тогтвортой байлгахад дорвитой арга хэмжээ авах боломжийг эрэлхийлж байна.Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын Экспорт- Импортын банкны санхүүжилтаар барьж байгуулахаар болсон. Роснефть компани нефть хайгуул, боловсруулах салбарт маш том туршлагатай. Энэ сарын сүүлээр тус компаний үйлдвэрлэл хариуцсан орлогч дарга А.А.Романов тэргүүтэй мэргэжилтнүүд манай улсад барих нефть боловсруулах үйлдвэрийн талбай, байгалийн хий дамжуулах хоолой явах зарим газрууд болон олборлолт хийж буй Дачин Тамсагийн 19, 21 дүгээр талбайд очиж ажиллахаар боллоо” хэмээн онцлов.
Таван- Толгойн нүүрсний бүлэг ордыг олон улсын зах зээлд гаргаж хөрөнгө босгох ажлыг эхлүүлэх, олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулах хэмжээнд аваачих ажил амжилттай хэргэжиж байгаа тухай салбарын сайд ярихдаа “ОХУ-ын Отэко компани Таван-Толгойд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж манай нүүрсийг Хар тэнгис дахь Таманий боомт дээр буулгаж цаашаа гуравдагч зах зээл рүү гаргах хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Таван- Толгой жилд 25 сая тонн нүүрс Таманий боомтоор гаргахаар төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд 25-ний өдөр Таманий боомтын бүтээн байгуулалт нөхцөл байдалтай танилцаж, Отэко компаний захирал М.Литвактай уулзалт хийх юм.  Отек компани манайхтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөрөнгө оруулах сонирхолтой байгаа. Бидэнд их боломж бий. Тэр тусмаа ОХУ-тай уул уурхай, үйлдвэр, худалдааны чиглэлийн хамтын ажиллгааны бодлогоо өөрчилж, хийх гэж буй ажлынхаа цар хүрээг зөв харж, шуурхай, ажил хэрэгч хандаж түншүүдийнхээ итгэлийг дааж ажилласнаар бид улсынхаа хөгжлийг шинэ шатанд гаргаж, ашиг орлогоо нэмэгдүүлнэ. Энэ удаагийн айлчлал үр дүнтэй болж, олз омог дүүрэн эх орондоо буцах нь” хэмээлээ.
Дашрамд дурдахад ирэх 2019 онд тохиох Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд манай хоёр орны төрийн тэргүүн онцгой ач холбогдол өгч буй. Тэмдэглэлт ойг тохиолдуулан Роснефть компани ойн арга хэмжээ болон Халх гол сумын шинэ сум төслийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр болсон байна.
 
Л.Нандинцэцэг
Эх сурвалж: Монцамэ агентлаг