МОСКВА. /ВВС/. ОХУ-ын нисэх онгоцыг Сирийн Зэвсэгт хүчин санамсаргүй буудан сөнөөсөнтэй холбогдуулан ОХУ агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн шинэ системийг Сири рүү илгээхээр болжээ.
ОХУ “С-300” пуужингийн системээ хоёр долоо хоногт багтаан Сирид хүргэх аж.
Израилийн сөнөөгч онгоцнууд Сирийн Латакиа мужид агаараас цохилт өгч байх үеэр ОХУ-ын тагнуулын нисэх онгоц Сирийн пуужинд өртөж, сөнөсөн билээ. Израиль энэхүү хэрэгт Сирийн талыг буруутгаж, “С-300” пуужингийн системийг "хариуцлагагүй хүмүүст" өгөх нь бүс нутгийн байдлыг илүү аюултай болгоно гэж анхааруулсан байна.
Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон энэ асуудалтай холбогдуулан мэдэгдэл хийхдээ, Сири рүү пуужингийн шинэ систем илгээх шийдвэр нь тус улсын иргэний дайныг тэлэхэд хүргэнэ гэж  анхааруулаад, энэ шийдвэрээ эргэн харахыг ОХУ-д уриалжээ.
ОХУ-ын агаарын цэргийн бааз Сирид байрладаг бөгөөд уг бааз нь тус улсын Ерөнхийлөгч Башар аль-Асадын хүчинд дэмжлэг үзүүлдэг билээ.
“2013 онд Израилийн хүсэлтийн дагуу “С-300” пуужингийн системийг Сирид нийлүүлэх асуудлыг цуцалсан. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд үүнд бидний буруу байхгүй” гэж ОХУ-ын Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ.
Мөн тэрбээр, "Сирийн эргийн дагуух Газрын Дундад тэнгисийн зарим хэсэгт Сирийн нутаг дахь байрлалд агаараас цохилт өгч буй нисэх онгоцнуудын ашигладаг хяналт, холбооны систем болон хиймэл дагуулын байршил тогтоох систем дэх радио электроникийн системийг суурилуулна" гэж мэдэгдсэн байна.
Энэхүү систем нь мөн ОХУ-ын нисэх онгоцыг таних, хянах боломжтой ажээ.
 
 
Д.Нямтулга 
Эх сурвалж: Монцамэ агентлаг