sonin.mn
МОСКВА./РИА Новости/. Нэг торх “Brent” маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ /бараа таваарыг ирээдүйд тодорхой үнээр худалдах буюу худалдан авах гэрээ/ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа 81 ам.доллараас давсныг арилжааны мэдээлэл харуулжээ.
Их Британийн Лондоны биржийн даваа гарагийн арилжааны явцад арваннэгдүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ 3,4 хувиар өсч нэг торх нь 81,43 ам.долларт хүрсэн байна. “Brent” маркийн нефтийн үнэ хамгийн сүүлд 2014 оны арваннэгдүгээр сарын 12-нд 81 ам.доллараас давж байв.
Харин “WTI” маркийн үнэ арилжаа дуусахад нэг торх нь 1,14 хувиар өсч 71,89 ам.долларт хүрчээ.
Нефтийн үнэ ийнхүү эрчимтэй өссөн нь “ОПЕК+” буюу Нефть экспортлогч улсуудын байгууллага болон тус байгууллагын гишүүн бус хэд хэдэн орны сайд нарын хорооны Алжирт хийсэн хуралдааны үр дүнтэй холбоотой байна. “ОПЕК+”-ийн бүлэг нефтийн үнийг бууруулах зорилгоор хар алтны олборлолтыг нэмэгдүүлэх асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаас татгалзаж байгаа юм. 
“ОПЕК дангаар ноёрхож байгаа дээрээ нефтийн үнийг нэн даруй буулгах ёстой” гэж Трамп есдүгээр сарын 20-нд мэдэгдсэн байна. Нефтийн үнийг өсгөж байна гэж тус байгууллагыг Цагаан ордны тэргүүн урьд нь буруутгаж байсан юм. Тэрбээр мөн “ОПЕК” нефтийн зах зээлийг “удирдаж” байгаа бөгөөд үүнийг зогсоох хэрэгтэй гэж мэдэгдэж байв.
“ОПЕК+”-ийн бүлэг хоногт олборлох нефтийн олборлолтын түвшнийг 2016 оны аравдугаар сарын түвшнээс 1,8 сая торхоор бууруулах тохиролцоонд мөн оны эцэст хүрсэн юм.
Уг тохиролцоо 2017 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2018 оны эцэс хүртэл дахин сунгажээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг