sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Өнөөдөр эхэлж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы үеэр дэлхийн 196 орны төрийн тэргүүнүүд, гадаад хэргийн сайд нар үг хэлнэ. Оролцогчид улс төрийн хэлэлцүүлэгүүдэд оролцохын зэрэгцээ Сирийн асуудал, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зэрэг олон улсад тулгамдсан чухал асуудлуудаар хоёр талт болон олон талт уулзалт хийхээр бэлтгэж байгаа аж.
Хэлэлцүүлгийг нээж хамгийн эхэнд уламжлал ёсоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Ерөнхий Ассамблейн индэр дээр гарч  үг хэлэх юм байна. Дараа нь НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы дарга, Эквадорын гадаад хэргийн сайд асан Мария Фернанда Эспиноса Гарсе үг хэлнэ. Харин төрийн тэргүүдээс хамгийн түрүүнд Бразилийн Ерөнхийлөгч Мишел Темер, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар гарах аж.
Тэдний араас Эквадор, Турк, Мексик, Марокко, Франц, Коста Рика, Сейшелийн арлууд, Перу, Йордан, Катар болон Ираны төрийн тэргүүд НҮБ-д хандах бол эхний өдрийн төгсгөлд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нар үг хэлэх аж.
Энэ чуулганд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар хоёр Солонгосыг төлөөлөх юм байна. Түүнчлэн Палестины төрийн тэргүүн Махмуд Аббас, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар Нью-Йорк хотод хүрэлцэн ирэх аж. Хэлэлцүүлгийн гол сэдэв болж буй Сири улс гадаад хэргийн сайд Валид Муаллемыг Нью-Йорк руу явуулжээ.
Мөн Украиын төрийн тэргүүн Петр Порошенко хэлэлцүүлгий хоёр дахь өдрийн орой үг хэлэх төлөвтэй байна. Хэлэлцүүлгийн 3 дахь өдөр индэр дээр улиран сонгогдоод удаагүй байгаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро гарна. Өндөр түвшинд 7 хоног үргэлжлэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейны чуулганы хүрээнд болох улс төрийн ерөнхий хэлэлцүүлэгт нийт 81 төрийн тэргүүн, 47 ерөнхий сайд болон 68 гадаад хэргийн сайд оролцох төлөвтэй байна.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг