sonin.mn
НЬЮ-ЙОРК. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар шинэчилсэн чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Хоёр улсын төрийн тэргүүн нар өчигдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр уулзаж, хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Шинэчилсэн хэлэлцээрийн хүрээнд БНСУ АНУ-д томоохон хэмжээний хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Тухайлбал АНУ-ын автомашин үйлдвэрлэгч компани тус бүр БНСУ-ын аюулгүйн стандартын шаардлагыг үл харгалзан тус улс руу нийлүүлэх автомашины тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр болжээ. Ингэснээр АНУ-ын автомашин үйлдвэрлэгч компани болгон жилд 50 мянган автомашиныг БНСУ руу нийлүүлэх боломжтой болж байгаа юм.
Д.Трамп хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэх санаачилгыг гаргасан билээ.
Тэрбээр энэхүү шинэчилсэн хэлэлцээрийг хоёр улсын худалдаанд маш чухал ач холбогдол бүхий гэрээ боллоо гэж сайшаан магтжээ.
Мөн тэрбээр, "худалдааны хуучин гэрээг засварлах талаар улс төрчид хэдэн арван жилийн турш ярьж ирсэн боловч ямар ч өөрчлөлт гараагүй билээ. Харин манай Засаг захиргаа сүүлийн үед эрчимтэй ажилласны үр дүнд өгсөн амлалтдаа хүрч чадлаа гэж мэдэгдсэн" байна.
Д.Трамп 11 дүгээр сард болох завсрын сонгуулиас өмнө БНХАУ болон бусад худалдааны түнш орнуудын эсрэг хатуу байр сууриа хадгалах төлөвтэй байна.
 
 
Д.Нямтулга 
Эх сурвалж: Монцамэ агентлаг