sonin.mn
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
–ЗТХЯ–ны газрын дарга, дотоод аудитор залуугийн амиа алдсан явдал нийтийг багагүй цочроолоо. Энэ тухай танаас асууж байгаа шалтгаан нь  дотоод аудиторуудад ажлаа чөлөөтэй хийх эрхзүйн орчин байна уу гэдэгт байр суурийг тань сонсох гэсэн юм?
 
-Юуны өмнө хүний амь эрсэдсэн ноцтой хэрэг гарсанд гүнээ харамсч байгаа.
 
Дотоод аудитын үйл ажиллагаа нь төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Дотоод аудит нь Засгийн газрын харьяа аль нэг байгууллагын дотоод бүтцэд орж ажилладгаараа төрийн болон хөндлөнгийн аудитаас ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл, дотоод аудитын үйл ажиллагаа нь дээрх чиглэлүүдээр аудит гүйцэтгэж,  аудитын тайлангаа зөвхөн харьяалах Төсвийн захирагчиддаа тайлагнадаг гэсэн үг.
Өнөөдөр Монгол Улсад төрийн болон хөндлөнгийн аудитын үйл ажиллагааг Төрийн аудитын тухай хууль болон Аудитын тухай хуулиар зохицуулж байна. Харин дотоод аудитын үйл ажиллагаа нь Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмээр зохицуулагдаж байгаа.
 
– Тэгэхээр дотоод аудитыг хөндлөнгийн хараат бус аудиттай уялдуулах шаардлагатай юу. Үйл ажиллагаа, тайлан нь байгууллагын удирдлагаас цааш хэтрэхгүй юм байна шүү дээ?
 
-Аудит бол Монгол Улсад зах зээлийн харилцаатай зэрэгцэн шинээр үүссэн хяналтын тогтолцоо. Тэгэхээр аудитын үйл ажиллагааг, төрийн болон хувийн хараат бус аудитын байгууллага, дотоод аудитын хоорондын харилцаа, статус, тэдгээрийн ажлын уялдаа холбоог зохицуулсан хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Хэдийгээр Төрийн аудитын болон Засгийн газрын дотоод аудитын албадууд тусдаа бие даасан тогтолцоо боловч төсвийн хөрөнгийн үр ашигтай байдал, төрийн болон төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг ижил зорилготой тул цаашид дотоод аудитын үйл ажиллагааг хөндлөнгийн хараат бус төрийн аудиттай уялдуулах, хамтын ажиллагааг сайжруулах ёстой юм. Түүнчлэн зөвхөн санхүүгийн аудит биш аливаа үйл ажиллагааны тоо, чанар, хүрсэн үр дүнг нягталдаг гүйцэтгэлийн, мөн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьдаг нийцлийн аудитад дотоод аудиторуудын үйл ажиллагааг чиглүүлэх  шаардлагатай.
 
–Монгол Улсад хариуцлагын тогтолцоо зөв жишгээр явж байна уу. Алдаа гаргасан удирдах албан тушаалтнууд хариуцлага хүлээж байна гээд ажлаа өгчихөөд яваад өгдөг нь шударга зүйл мөн үү?
 
– Манай улсад төрийн сахилга хариуцлагыг сайжруулж, нэр хүндийг дээшлүүлэх асуудлыг бүх шатанд олон жил ярьсан. Тодорхой шийдэл, арга, хэмжээ авдаг хэдий ч үр дүн хангалтгүй байна. Монгол Улсад хариуцлагын тогтолцоо зөв жишгээр явж байгаа гэж хэлж чадахгүй. Тухайлбал, өнөөдөр төсөв санхүүгийн хувьд олон ноцтой алдаа, зөрчил гаргачихаад ажлаа зүгээр өгчихөөд явдаг байдал нийтлэг байна. Төрийн аудитын байгууллага төрийн хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа ч байх ёстой төвшинд хүрэхгүй байгааг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Төрийн аливаа нэг албан хаагч төрийн байгууллагад төсвийн хөрөнгийг үргүй зарцуулчихаад өөр байгууллагад шилжин ажилладаг. Захиргаа, эрүүгийн болон иргэний хуулийн дагуу хариуцлага хүлээдэггүй байдлыг бид таслан зогсоохын тулд Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тэдгээр албан тушаалтны мэдээллийг хүргэдэг болсон. Өөрөөр хэлбэл, тэдний улсад учруулсан хохирлыг нь төлүүлэхээс нааш төрийн албанд дахин ажиллуулахгүй байх шаардлагыг тавина. Ер нь хариуцлага алдсан үйлдэл бүрт хариуцлага тооцож байж “хариуцлага” сайжрах ёстой. Мөн олон нийтэд гаргасан зөрчлийг нь ил тод мэдээлж, дахин зөрчил давтан гаргахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.
 
–Төрийн аудитын бай­гуул­лага Үндсэн хуулийн байгууллага болох ажил ямар шатанд явж байна вэ?
 
-Монгол Улсын Үндсэн хуульд засаглал хуваарилах тогтолцоог нарийвчлан тусгасан атлаа хяналтын тогтолцоог орхигдуулсан байгаа. Өнөөдөр Монгол Улсад хууль нь чанартай гарч байна уу. Шүүхийн шийдвэр нь үнэн зөв байна уу. Үүнд хэн хяналт тавьж, хэн засч залруулж байх нь тодорхойгүй байна.
Төрийн аудитын байгууллага бол Олон улсын стандартаар ажилладаг. Хэнээс ч хараат бус, ард түмний нэрийн өмнөөс хяналтыг хэрэгжүүлэх байгууллага. Иймд Төрийн аудитын байгуул­лага төрийн хяналтыг хэрэгжүүлж байхаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт хүргүүлээд байна.
Монгол Улсын түүхэнд эрх баригчид хяналтын байгууллагаа татан буулгачихаад томоохон  эрсдэл бүхий арга хэмжээг ямар ч хараа хяналтгүйгээр авч хэрэгжүүлсэн түүх хэд хэдэн удаа гарч байсан байдаг. Тухайлбал, 1930-аад оны феодалын хөрөнгө хураах,  комунн байгуулах,  1990 оны өмч хувьчлалын ажил гэх мэт.
 
–Та Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдоод жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт, шинэчлэлт хийж чадсан уу?
 
-Өнгөрсөн хугацаанд нэлээд ажил амжуулж, цаашид ч олон ажлыг төлөвлөөд байна. Тухайлбал, өнгөрсөн оныг  “Төрийн аудитын тогтолцооны хууль эрх зүй, бодлогын шинэтгэл, ажилтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарлаж тодорхой ажлыг хийсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий аудиторын санаачлагаар Үндэсний аудитын газраас анх удаа бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарт 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн зөвлөмжийн биелэлтийг шалгах аяныг зохион байгууллаа.
Төрийн аудитын мэргэжлийн тасралтгүй сургалт хөгжлийн стратегийг боловсруулж ажилтнуудыг сонгон шалгаруулах, гүйцэтгэсэн ажлыг үнэлэх, албан тушаалтны зэрэг дэвийг нэмэгдүүлэх, сургах асуудлыг уялдуулсан бодлогын баримт бичиг гаргаж мөрдөн ажиллаж эхэлсэн. Төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэсэн аудитын бүх тайланг УИХ-ын Байнгын хорооны хуралдаанаар сонсдог боллоо. Хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн  асуудлын араас хөөцөлдөж үр дүнг УИХ-ын Байнгын хорооны хуралд танилцуулдаг болно. Хараат бус аудитын этгээдийн үйл ажил­лагааг өргөжүүлэх, бэх­жүүлэх, тэдэнтэй хамтран ажиллах эрхзүйн орчныг илүү тодорхой болгосон журмуудыг батлан гаргасан.
Аудитад иргэд, төрийн бус байгууллага, салбарын мэргэжилтнүүдийг оролцуулах боломжийг тодорхой болгож Аудитын иргэний танхимын дүрмийг баталж, Үндэсний аудитын газар болон нийслэл, Говь-Алтай, Хэнтий аймагт аудитын иргэний танхимыг байгуулаад байна. Төрийн аудитын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг татан оролцуулдаг болсноор төрийн бодлогын хэрэгжилт, төсөв санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт илүү ил тод, нээлттэй болох боломж нөхцөл бүрдэж байна.
Хөтөлбөрт суурилсан санхүүжилтийн бодлогыг ТАБ-д хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж дараа жил хийх аудитын сэвдүүдийг УИХ-ын  Төрийн байнгын хороо­гоор өмнөх жил нь бат­луулж аудитын зар­дал, хөндлөнгийн судалгаа шинжилгээний байгууллагын  аудитад хамтарн оролцуулах төсвөө урьдчилан төлөвлөж батлуулдаг болсон.
 
–Сахилга хариуцлагыг байгууллага дотроо сайжруулж чадсан уу?
 
-Энэ чиглэлд бид онцгой анхаарч ажилласан. Төрийн аудитын байгуул­лага дотооддоо ажилт­нуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч зохицуулагдаагүй, журамлагдаагүй байсан бүх харилцааг тодорхой батлагдсан журмаар зохицуулах боллоо. Ингэснээр аливаа нэгэн асуудлыг байгууллагын удирдлагын ч юм уу, хэн нэгэн хүний дураар шийдвэрлэдэг байсан асуудал эцэс болж бүх харилцаа  Монгол Улсын холбогдох хуулийн дагуу журамлагдаж баталсан журмын дагуу зохицуулагдах боллоо. Ингэснээр 2017 оны  байдлаар томилогдсон албан тушаалд ажиллахдаа ёс зүйн зөрчил гаргасан, ажилдаа хариуцлагагүй хандсан, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаагүй, тогтоосон дүрэм журмыг зөрчсөн  төрийн аудитын байгууллагын 42 ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авсан байна.
 
–Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийгэмд хүлээлт үүсгэсэн олон асуултад хариулах зорилгоор томоохон аудитуудыг хийсэн, бас эхлүүлсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
 
-Өнгөрсөн хугацаанд төрийн аудитын байгууллагаас “Эрдэнэт үйлдвэр”, Монголбанк, МҮОНРТ, ИНЕГ, МИАТ ХК-ийн үйл ажиллагааны үр дүн болон  АСЕМ-ын үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгийн зарцуулалт, Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон Дубайн гэрээ, Эрдэнэс Монгол, Эрдэнэс тавантолгой компанийн үйл ажиллагааны үр дүн зэрэг томоохон аудитуудыг эхлүүлж, хийж гүйцэтгэж байна. Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын үр дүнгийн талаар Та бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой мэдээлэл авсан байх гэж найдаж байна.
 
–Төрийн аудитын бай­гуул­лагын хууль, эрх зүйн орчин өнгөрсөн хугацаанд хэрхэн сайжирсан бэ?
 
-Төрийн аудитын байгууллагыг хараат бусаар ажиллуулахын тулд хууль эрх зүйн орчинг байнга сайжруулж байх ёстой ба өнгөрсөн хугацаанд тус байгууллагын хууль эрх зүйн орчин амаргүй нөхцөлд явж ирсэн. Тиймээс төрийн аудитын тогтолцооноос эхлэн бодлого, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, шаардлагатай болсон. Төрийн аудитын байгууллага нь хараат бус, олон улсын төвшинд хүрсэн байгууллага болохын тулд Төрийн аудитын байгууллагыг Үндсэн хуулиар баталгаажуулах шаардлагатай. Мөн Төрийн аудитын тухай хууль 2003 онд батлагдсанаас хойш 10 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Өнөөдөр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, бусад хууль хоорондын зөрчилтэй асуудлыг цэгцлэх ажлыг хийж байна.  Энэ хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд Төрийн аудитын байгууллагын хараат бус байдлын талаар заалт оруулах саналыг УИХ-д хүр­гүүлсэн. Төрийн аудитын тогтолцоо, хууль эрх зүйн хүрээнд хийсэн ажлын чухал хэсэг Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж хууль санаачлагчаар дамжуулан УИХ-д өргөн бариад байна. Мөн Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг бо­ловс­руулан УИХ-д өргөн ба­ри­хад бэлэн болоод байна.
Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу төрийн аудитын байгууллагын ажилтнуудын цалин хөлс, урамшууллын хэмжээг УИХ тогтоохоор хуульчилсан байтал Ерөнхий аудитор тогтоож, олгож байсныг өөрчилж төрийн тусгай албаны бусад байгууллагын албан хаагчдад  олгодог төрийн алба хаасан хугацааны, албан ажлын онцгой нөхцлийн, мэргэшлийн зэргийн нэмэгдлүүдийн хэмжээтэй дүйцүүлэн Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг хууль тогтоомжийн дагуу баталгаажуулахаар УИХ-д хүргүүлж УИХ-ын 2018 оны 21 дүгээр тогтоолоор баталгаажууллаа. Мөн Төрийн аудитын байгуул­лагын ажилтнуудын албан тушаалын цалингийн хэмжээг батлуулах саналыг УИХ-д хүргүүлээд байна.
Мөн олон улсын стандарт, хууль тогтоомжид нийцүүлэн аудитын арга зүй, журам заавраа шинэчлэн боловсруулах, өөрчлөх ажлыг хийж байна.
Төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг хангах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, ажилтнуудын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх талаар УИХ, Байнгын хороод, УИХ-ын гишүүд ихээхэн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад манай хамт олон гүнээ талархаж байдгийг энэ дашрамд хэлэхийг хүсч байна.
 
–Тухайн жилийн аудитын сэдвийг тэр оныхоо эхэнд батлуулдаг байсан. Харин энэ жил танай байгууллага 2019 оныхоо сэдвийг УИХ-аар батлуулсан шүү дээ.  Ирэх жилээс ямар аудитууд хийхээр байгааг уншигчид маань сонирхох байх?
 
-Хуульд зааснаар Төрийн аудитын бай­гууллага аудитын хэтийн болон жилийн төлөв­лөгөө боловс­руулж Төсвийн байнгын хороогоор бат­луулж ажиллахаар зохи­цуулагдсан байдаг. Аудитын төлөвлөгөө боловсруулахдаа иргэд, олон нийтийн анхааралд байгаа үнэн зөв хариу хүссэн аудитын сэдвийг сонгож УИХ-ын Төсвийн байнгын хороогоор жил бүр батлуулдаг. 2018 оны I улиралд төрийн аудитын байгууллагын 2019-2023 онд гүйцэтгэх аудитын хэтийн төлөвлөгөөний сэд­вийн санал боловс­руулж УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн байгаа.
2018 онд төрийн аудитын байгууллага улс орны эдийн засагт нөлөөлөх ач холбогдол бүхий салбарын үйл ажил­лагаанд аудит хийх чиглэл баримталсан. Тухайлбал, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”-н санхүү­гийн болон үйл ажилла­гааны үр дүн, хувьцааны хуваарилалт, ногдол ашиг, олголт, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө/Дубайн гэрээ/, Оюутолгой төслийн I ба II шатны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хувь эзэмшигчдэд ногдох хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтад зориулж авсан зээлийн тооцоо, ирээдүйд төлөх өр төлбөрийн байдал, Монгол Улсын алт олборлох салбарын өнөөгийн байдал, алтны нөөцийн бүрдүүлэлт, Монголбанк, Хөгжлийн банкны үйл ажиллагаа  гэх мэт.
Харин 2019 онд Төрийн аудитын байгууллага нийгмийн салбарын үйл ажиллагаанд түлхүү анхаарах чиглэл баримталж байна.  2019 онд Төсвийн байнгын хорооны тогтоолоор  32 аудит гүйцэтгэхээр батлагдсан байгаагийн дотор Төрөөс иргэдэд олгож байгаа нийгмийн халамж, үйлчилгээний өнөөгийн байдал, үр дүн, Хүнсний аюулгүй байдлын өнөөгийн тогтолцоо, хэрэгжилт, үр дүн, Хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулалтын байдал, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүн, Төрөөс сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа өнөөгийн байдал, үр дүн, Мэргэжлийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа үр дүн, Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа, үр дүн гэсэн сэдэв багтаж байгаа. Мөн аудитын сэдвийг сонгохдоо иргэд, олон нийтийн санаа бодлыг түлхүү анхаарах чиглэл баримталж байна. Энэ зорилгоор төрийн аудитын байгууллагын www.audit.mn  цахимд “Аудитын сэдвийн сонголт” булан нээн ажиллуулж байгаа боловч харамсалтай нь олон нийтийн хандалт туйлын хангалтгүй байна. Иймд иргэд, олон нийтэд хандаж хэлэхэд дээрх цахимаар зочилж Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаатай, гүйцэтгэсэн аудитын тайлантай танилцаж, дараа гүйцэтгэх аудитын сэдвийн талаар саналаа өгч, төр барих эрхээ хэрэгжүүлэхийг уриалж байна.
 
Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин