sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. Хүйтэн дайны үед байгуулсан зэвсгийн хяналтын тухай гэрээг ОХУ-ын пуужингууд зөрчиж байна гэж үзэж байгаатай холбогдуулан тэдгээр пуужинг устгах хэрэгтэй гэж АНУ-ын дипломатч мэдэгджээ.
1987 онд байгуулсан дунд зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээг ОХУ-ын пуужингууд зөрчиж байна гэж АНУ-аас НАТО-д суух Байнгын төлөөлөгч Кей Бейли Хатчисон НАТО-гийн уулзалтын өмнөхөн мэдэгдэв.
Хуурай газарт байрлалтай, дунд зайн тусгалтай буюу 500-3500 км-ын зайд цохилт өгөх хүчин чадалтай пуужинг ашиглахыг энэхүү гэрээгээр хориглосон байна.
Дунд зайн тусгалтай “Новатор 9M729” пуужингийн шинэ системийг ОХУ хөгжүүлж байна гэж АНУ мэдэгдсэн бол үүнийг ОХУ үгүйсгэж байгаа юм.
Ийм төрлийн пуужин нь маш богино хугацаанд НАТО-гийн гишүүн орнуудын газар нутагт цөмийн цохилт өгөх боломжийг ОХУ-д бий болгох ажээ.
Төлөөлөгч Кей Бейли Хатчисон энэ асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдлийн үеэр дурдсаад, хэрвээ ОХУ ийм төрлийн пуужингийн системийг хөгжүүлэх ажиллагаагаа үргэлжлүүлэх юм бол АНУ-ын зүгээс цэргийн хариу үйлдэл үзүүлэх болно гэдгээ илэрхийлжээ.
Тэрбээр хэлэхдээ, "Одоогийн байдлаар бид энэ пуужинг устгах боломжийн талаар судалж байна. ОХУ-ын хөгжүүлж буй уг пуужингийн системийг устгахад чиглэсэн хариу арга хэмжээг мөн хэлэлцэж байгаа" гэв.
 
Д.Нямтулга 
Эх сурвалж: Монцамэ агентлаг