sonin.mn
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2018.10.05) “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Жагар, тус хөдөлгөөний Удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Алтанцэцэг, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Энхбат нарыг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.  
Энэ оны зургаадугаар сард “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс УИХ-ын дарга М.Энхболдод Оюутолгойн гэрээг дахин хянаж үзэж, өөрчлөлт оруулахыг дэмжсэн 10.000 орчим хүний гарын үсэг бүхий  Шаардах бичгийг гардуулан өгч байсан юм.
 
ШААРДАХ БИЧИГТ:
 
-Монголын ард түмэнд Оюутолгойн ордын 51-ээс дээш хувийг эзэмшүүлэх;
-Өмнөговь аймагт дагуул хотуудыг барьж байгуулах;
-Байгалийн гүний цэвэр усыг ашиглахгүй, саарал ус ашиглах технологийг нэн яаралтай хэрэгжүүлэх гэсэн 3 үндсэн шаардлага тавьсан билээ.
 
 
 
 
Тус хөдөлгөөний тэргүүн Б.Жагар дээрх шаардах бичгийн хариуг албан ёсоор өгч, УИХ-аас байгуулагдсан “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг намрын чуулганаар яаралтай хэлэлцүүлэх, уг хэлэлцүүлэгт төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудын төлөөллийг оролцуулж, олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулахыг шаардаж буйгаа уулзалтын үеэр мэдэгдсэн юм.
 
 
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ, “УИХ-ын дарга М.Энхболд Захирамж гаргаж, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэгтэй Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн байгууллага, хүмүүс, иргэний нийгмийн төлөөллийг аль болох түлхүү оруулах ёстой гэж үзсэний дагуу Та бүхэн ч Дэд ажлын хэсэгт орж ажилласан. Тийм учраас тодорхой мэдээлэлтэй байгаа гэж бодож байна. Мөн УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ Ажлын хэсэг дүгнэлтээ Байнгын хороо болон УИХ-д ойрын үед танилцуулахыг даалгасан. Та бидний байр суурь нэг байгаа гэдгийг хэлмээр байна. УИХ-ын намрын чуулганаар хуулийн дагуу Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Та бүхний саналыг би өнөөдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал дээр албан ёсоор танилцуулах болно“ гэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.