Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчит компаниудын ашиг орлогыг нэмэгдүүлэх, үргүй зардлыг бууруулах, менежментийг сайжруулах талаар сүүлийн хоёр жилд шат дараалсан арга хэмжээ авч ажилласныг албаныхан тодотгов. Үүний үр дүнд санхүү, эдийн засгийн үзүүлэлт сайжирч улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамж, ногдол ашиг эрс нэмэгдсэн аж. Тухайлбал, 2016 оны сүүлчийн хагас жилээр 15 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан компаниуд өнгөрсөн онд 859 тэрбум төгрөг, энэ оны эхний хагас жилд 762 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Мөн 2017 онд 12.6 тэрбум төгрөг,  2018 оны эхний найман сарын байдлаар 37.7 тэрбум төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 2016 оныхоос 3-6 дахин өссөн үзүүлэлт юм байна. Түүнчлэн төрийн өмчит компаниуд 2016 онд 1.1 их наяд төгрөгийн татвар, хураамж, төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол өнгөрсөн онд 1.7 их наяд төгрөг болж 600 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Төрийн өмчийн зарим үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай Засгийн газрын тогтоолыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлж дөрвөн үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдаж улсын төсөвт 16.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
 
 
 
Д.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин