sonin.mn
Зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох асуудлаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дэд профессор Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.
 
–Манай улсын хувьд зээлийн хүү өндөр байгааг олон нийт шүүмжилдэг. Тэгэхээр зээлийн хүү хэрхэн тогтдог талаар ярилцлагаа эхэлье?
 
-Зээлийн хүү гэдэг нь зах зээлийн үнэ. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд хүн бүрийн хэрэгцээнд шаардагдах бүхэн тодорхой үнэтэй байдагтай адил юм. Аливаа үнэ тухайн зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогддог. Манай улсын хувьд зээлийн зах зээл дээрх эрэлт нийлүүлэлтээр тогтдог. Одоо бидний ашиглаж буй зээлийн хүү нь зах зээлээс хамаарч байгаа хэдий ч манайд эдийн засгийн нөхцөл байдал, эрсдэл, ирээдүйг таамаглах боломжоос хамаарна. Жишээлбэл, А гэх иргэн орлого, зарлагаа тодорхойлон ирээдүйд ямар төвшинд амьдрах, ажил бизнесээ хэрхэх вэ гэдэг төлөвлөгөөнд үндэслэн таамагт суурилсан шийдвэр гаргадаг шүү дээ. Хэрэв эдийн засаг тодорхой бус байдалтай, эрсдэл өндөртэй харагдвал зээлийн хүү өндөр байх болно. Магадгүй гадны улс оронтой харьцуулан бага төвшинд байлгахыг зорьж болно. Гэвч энэ нь өрөөсгөл талтай. Учир нь тухайн улсын хөрөнгө, санхүүгийн зах зээлийн орчин болоод зээлийн хүү тогтох нөхцөл нь өөр байгааг харьцуулах учиртай.
 
–Дийлэнхдээ гадны орны зээлийн хүү бага, манайх өндөр байна гэдэг шүүмжлэл гардаг шүү дээ?
 
-Тэгэхээр гадны орны зээлийн хүү бага байх орчин, нөхцөл нь манай улсынхтай ижил төвшинд байгаа бол бид юунаас болж өндөр хүү тогтоож байгаа вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Монгол Улсын хувьд хүүгийн төвшинг өндөр тогтооход нөлөөлж байгаа хүчин зүйл нь эдийн засгийн өндөр эрсдэл гэж болно. Тухайлбал, 2009 оноос хойш хоёр дахь удаагаа уналтад орсон. Энэ хугацаанд эдийн засаг маш их са­вал­­гаатай байсан шүү дээ. Дотоодын нийт бүтээг­дэхүүн 2011 онд 17 хувийн өсөлттэй байсан бол хоёр жилийн өмнө нэг хувийн өсөлттэй байсан нь олон нийтийг түгшээж байлаа. Тиймээс эдгээр нь манай эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлсон барометр болж байна.
 
–Хөрөнгийн зах зээлийн өсөлт болоод мөн­­гөний бодлогын хүүгээс хамаарч зээлийн хүү буурах болов уу гэсэн хүлээлт байсан. Магадгүй зээлийн хүү нэг оронтой тоонд багтах боломжийг ч эрэлхийлсэн болов уу?
 
-Зах зээлийн хүүг өндөр, нам байгаа талаар ярихаас илүүтэй хүүгийн төвшинг өндөр бол­гоход нөлөөлж байгаа хүчин зүйлийг олох хэрэгтэй. Үүний дара­а­гаар шийдвэрлэж ча­дах, чадахгүйгээ нухацтай тодорхойлон шийдлээ олох нь зүйтэй. Нөгөө­тэйгүүр зах зээлийн өрсөлдөөнөөс шалтгаалан үнэ тогтдог зарчим бий. Хэрэв тухайн зах зээл өрсөлдөх чадвар сайн байвал хамгийн бага үнийг тогтооно. Ер нь зах зээлийн нөхцөл байдлыг судалгаагаар шинжилж тогтоодог. Тэгэхээр шийдлийг хайж байгаа бол нэг харах өнцөг нь өрсөлдөөн байж болно. Түүнээс гадна эрсдэл хүүнд хэрхэн нөлөөлдгийг дээр дурдсан. Өөрөөр хэлбэл, хүүг өндөр бол­го­ход нөлөөлж байгаа хүчин зүйлийн нэг нь эрсдэл гэж харвал давагдашгүй болон давах боломжтой эсэхийг нь харах хэрэгтэй. Монгол Улсад эдийн засгийн болон төрийн бодлого тогтворгүй байгааг бид шийдвэрлэх боломжтой. Бодлогын тогтвортой байдал, хуулийг чандлан мөрдөх нь хүмүүсийн хийж чадах зүйл шүү дээ. Ингэснээр эдийн засгийн эрсдэлийг бууруулах нөлөөг үзүүлж чадна.
 
–Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр зэхэж байгаа. Ер нь хүүг хүчээр барьж тогтоох нь хэр зохистой шийдвэр вэ?
 
-Зээлийн хүүг механикаар тогтоох нь хамгийн буруу. Түүний оронд зээлийн хүүг өндөр болгоход нөлөөлж байгаа хүчин зүйлээ судалгаа, шинжилгээг үндэслэн тогтоож, гарах арга замыг нь хэлэлцэх учиртай. Хэрэв зээлийн хүү өрсөлдөх чадвартайгаа харьцуулахад 2-3 хувиар өндөр байгаа бол өрсөлдөөний асуудлыг шийдвэрлэснээр 2-3 хувь бууж болно. Түүнчлэн манай улсын эдийн засаг болоод төрийн бодлогоос шалтгаалан хүүгийн төвшин өндөр байгаа бол үүнийг ч засч залруулах боломж бий. Хамгийн гол нь зах зээлийн зарчмаар нэгэнт тогтоосон үр дүнтэй тэмцэхээс илүүтэй шалтгааныг нь тодорхойлох нь чухал юм.
Тэгэхээр хуулийн төсөл боловсруулан зах зээлийн зарчмаар тогтсон үнийг хүчээр буулгах арга эрэлхийлж байгаа бол тийм ч зөв шийдэл биш. Магадгүй хүмүүсийн нүдэнд шууд харагдах байдлыг нь илүүд үзсэнээр гарах эрсдэлийг бас бодох учиртай. Гэтэл үнэн хэрэгтээ хүүгийн дээд төвшнийг тогтоож эхэлбэл зах зээлийн зарчмаар тогтсон зүйлийг эвдэх болно. Үнэн хэрэгтээ зах зээл дээр төрийн оролцоогүйгээр үүргээ сайн биелүүлдэг нь бүх салбарт ажиллаж буй хувийн хэвшлийнхэн. Өөрөөр хэлбэл, хүчээр бууруулсан хүүгийн төвшний цаад талд гарах эрсдэл нь тухайн салбарын бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийн харилцаа алдагдах юм. Зээлийн хүү буурснаар банкны салбарынхнаас гарах зээлийн нийлүүлэлт буурна. Магадгүй энэ цаг үед зах зээлийн зарчмаар тогтсон хүүгээр зээл олгох нь эрсдэл дагуулсан хэвээр байхад бага хүү тогтоох нь зээл олгогчийн хувьд ашиггүй болно. Нөгөө талд нь хэрэглэгчийн хувьд хүү буурснаар эрэлт өснө. Гэтэл зах зээл дээр нийлүүлэлт буурч эрэлт нэмэгдсэнээр зах зээл дээр зээл олгох хомсдол үүсэх юм. Бодлогын зохицуулалтын нөлөөг зах зээл шингээж чадахгүй байдал үргэлжлэх болно. Тэгэхээр нийлүүлэлт буурсны сөрөг тал нь хүссэн хүн бүр зээлд хамрагдах боломжгүй болох нөхцөл үүсэхийн зэрэгцээ зээлийн сайн түүхтэй эсвэл томоохон аж ахуйн нэгж, байгууллагад зээл авах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, манай зах зээл дээр 10 их наяд төгрөгийн зээл эргэлдэж байсан гэж үзвэл бодлогын арга хэмжээний үр дүнд энэ хэмжээ буурах юм. Тиймээс хүчээр зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоож хязгаарласнаар хомсдол үүснэ. Тэгэхээр зөв шийдэл биш гэдэг нь харагдах болов уу.
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин