sonin.mn
ВАШИНГТОН. /ТАСС/. Сэтгүүлч Жамаль Хашкажиг Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар хөнөөснийг нотлох видео бичлэгүүдийг Туркийн эрх баригчид Америкийн хууль сахиулах байгууллагынханд үзүүлжээ. Энэ тухай “The Washington Post” сонинд мэдээлсэн байна.
“Хашкажигийн болон араб хэлээр ярьж буй эрэгтэй хүмүүсийн дуу хоолойг бичлэгээс сонсож болно. Бас түүнийг хэрхэн байцааж, яаж эрүүдэн шүүж байгаа нь мөн хөнөөсөн нь сонсогдоно” гэж “The Washington Post” сонины эх сурвалж хэлжээ. “Консулын газар руу орсны дараа Жамальд юу тохиолдсоныг бичлэг харуулна” гэж эх сурвалж онцлон хэлсэн байна.
“The Washington Post” сонины эх сурвалжийн батлан хэлж буйгаар, эдгээр бичлэг нь сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт Саудын Араб холбоотой болохыг, мөн Жамаль амь үрэгдсэн гэдгийг нотолно.
Бичлэгүүдийн хуулбарыг Туркийн эрх баригчид Америкийн талд шилжүүлэн өгсөн үү эсвэл зөвхөн үзүүлсэн үү гэдгийг эх сурвалж баттай хэлж чадахгүй байгаа аж.
Сэтгүүлч Жамаль Хашкажи нь Саудын Арабын одоогийн эрх баригчдын явуулж буй бодлогыг шүүмжилдгээрээ алдартай. Тэрбээр 2017 онд эх орноосоо гарч АНУ-д суурьшжээ. Хашкажи Саудын Арабын байдал, тус улсын гадаад бодлогын талаар дүн шинжилгээ хийсэн нийтлэлийг “The Washington Post” сонинд байнга нийтлүүлдэг байсан байна. Хашкажи аравдугаар сарын 2-нд Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар бичиг баримт бүрдүүлэхээр очсоныхоо дараа алга болсон юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг