БЭЭЖИН. /ТАСС/. Хятадын Ардын банк /Төвбанк/ үндэсний валютынхаа Америкийн валюттай харьцах ханшийг 34 пунктээр бууруулснаар нэг ам.доллартай харьцах юанийн ханш 6,9154 болсон байна. Ардын банкны статистик мэдээллээс үзвэл энэ нь 2017 оны нэгдүгээр сарын 11-нээс хойших хамгийн доод ханш аж.
Юанийн ханшийн сулрал нь хэдийнэ ажлын 10 хоног үргэлжилж байгаа юм.
Ханш суларснаас болж Хятадын валют хүчтэй дарамттай тулгарч байна гэж ханш бууруулсантай холбоотойгоор эдийн засагчид онцлон тэмдэглэснийг “Sina” мэдээллийн цахим хуудсанд дурджээ. “Нэг ам.доллартай харьцах ханш долоон юань болох магадлал ойрын ирээдүйд тун бага. Үүний шалтгаан нь ханш долоон юаниас давах нь хөрөнгө оруулагчдын хүлээлтийг өөрчилнө гэдгийг Хятадын Засгийн газар тооцохгүйд байгаад оршино. Тухайлбал, энэ нь  үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх дарамт шахалтыг нэмэгдүүлэх зэрэг тодорхойгүй байдлыг шинээр бий болгоно” гэж эдийн засагчид онцлон тэмдэглэсэн байна.
2018 оны эхний саруудад юанийн ам.доллартай харьцах ханш тогвортой чангарч байв. Нэгдүгээр сард нэг ам.доллартай харьцах сарын дундаж үзүүлэлт 6,4364 юань, хоёрдугаар сард 6,3161 юань, гуравдугаар сард бараг өөрчлөгдөөгүй бол дөрөвдүгээр сард 6,2975 юань болж чангарчээ. Гэхдээ тавдугаар сард сулрах хандлага ажиглагдаж, нэг ам.доллартай харьцах ханш 6,3757 юань болсон нь зургадугаар сард хэвээр хадгалагдаж, өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй байна.
Хятадын Төвбанкнаас тогтоосны дагуу, албан ёсны ханшын хэлбэлзэл хоногт 2 хувиас хэтрэхгүй байх ёстой аж.
2015 оны эцсээр юанийн нэг ам.доллартай харьцах ханш 6 хувиар суларч байсан бол 2016 онд 6,7 хувиар буурсан байна. Харин 2017 онд Хятадын үндэсний валютын ам.доллартай харьцах ханш 6,2 хувиар чангарчээ. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг