sonin.mn
Засгийн газрын шийдвэрийн тухай солигддог тэмдэг шиг ойлголт сүүлийн үед  бий боллоо. Уг нь танхимаараа хэлэлцэж баталсан гүйцэтгэх засаглалын  шийдвэр хамтынх гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл нэг нам гарч ирээд өмнөх тогтоол  шийдвэрийг  буруутгавал аль нэг сайдаараа “Туг тахиад” өнгөрдөг  гажиг жишиг бий болох гэж буй юм. Эхний “бай” нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан З.Баянсэлэнгэ  болоод байна.
Салбарын сайдын хувьд тэрээр  “Түрээсийн орон сууц хөтөлбөр”  батлах Засгийн газрын  тогтоолын дагуу төслийг нь танилцуулсан төдий. Ер нь бол эхний гэрээ хэлцлийг  нь тухайн  үед  Хотын дарга байсан Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн хүрээнд хийчихсэн байсан.  АН  Засгийн газраа байгуулаад хөтөлбөр батална гээд бүх зургаа гаргачихсан байсан, ийм л асуудал. Яагаад гэвэл,  уг хөтөлбөрийг батлах, 223 айлын  орон сууцыг “Бэрэн” компаниас  15 тэрбум төгрөгт багтаан худалдаж авах гэхчлэн бүх асуудал нь Засгийн газрын тогтоолд тоо хэмжээ, хаанаас авах гэхчлэн тодорхой туссан байгаа юм. Түүнийг нь салбар хариуцсан сайд хуралдаанд танилцуулж, танхимаараа хэлэлцэж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гарын үсэг зурж баталгаажуулжээ. “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн ажлын эхлэл ийнхүү  цаасан дээр  бэлэн болсон байна.
Сүүлд Ж.Эрдэнэбатын Засгийн газар уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, төсөв мөнгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн шийдвэрлэсэн байдаг. Тэр бүү хэл  Ж.Эрдэнбатын танхим “100 хоног”-оо сүр дуулиантай тэмдэглэхэд тэдний хийсэн, иргэдэд чиглэсэн гялайж гялтайх ганц ажил нь тэр болж байв.
2017 оны Ерөнхий­лөгчийн сонгуулийн өмнөөс  МАХН-ыг муухай харагдуулах,  Н.Энхбаярын хамтран зүтгэгчдийг “шүд сугалах” зарчмаар холдуулж хүчгүйдүүлэх  гэсэн аргын нэг нь З.Баянсэлэнгэ, түүнтэй холбоотой  “Түрээсийн орон сууц” хөтөлбөр болж хувирсан.
Барилга, хот байгуу­лалтын сайд байхдаа уг  хөтөлбөрийг батлуулж,  улсад  900 сая төгрөгийн хохи­­рол учруулсан гэх үндэслэлээр З.Баянсэлэнгэд эрүүгийн хэрэг үүсгэж, цагдаа, про­курор, АТГ гээд шалгаагүй газар байхгүй.  Эцэст нь СХД-ийн анхан шатны шүүхээс түүнд  төрийн албанд гурван жил ажил­лахгүй байхаас гадна  торгуулийн ял ногдуулаад байна. Уг нь АТГ-ын шинжээч хэдхэн асуултаар л гэмт хэрэг мөн эсэхийг илрүүлчих боломжтой юм. Тухайлбал:
 
–З.Баянсэлэнгэ Засгийн газрын 299 тоот тогтоолыг зөрчин тендер зарлах эрх байна уу?
–Засгий газрын тогтоолд заасан Сангийн сайд Ч.Болорт үүрэг бол­го­сон 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг З.Баянсэлэнгэ захиран зарцуулсан уу?
–Сангийн яамнаас “БЭРЭН” компанид хэзээ хэ­дэн төгрөг шилжүүлсэн бэ?
–Тэр үед Ерөнхий сайд болон Барилга, хот байгуулалтын сайд  хэн байсан бэ?
–Засгийг газрын тог­тоолыг биелүүлсэн нь З.Баянсэлэнгэ эрх мэдлээ урвуулсан ашигласан гэмт хэрэг мөн үү?
 
–Засгийн газрын тог­тоол хууль зөрчсөн нөхцөлд хэнд хариуцлага тооцох вэ гэсэн асуултад хариуг нь авч асуудлыг тодруулсан бол хэрэг мөн биш гэдэг нь тогтоогдоно. Гэтэл анхнаасаа асуудлыг улстөр­жүүлж улс төрийн зорил­гоор яллахыг эрхэм­лэ­сэн нь харагдаж байгаа юм.
Засгийн газрын тог­­тоол, шийдвэр нь  танхимын буюу хамтын шийдвэр  байдаг. Түүнд аль нэг сайд дангаараа хариуцлага хүлээх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, аль нэг сайд Засгийн  газрын нэрийн өмнөөс  дангаараа шийдвэр гаргах, төсөв мөнгө гардаж шийдвэрлэх, захиран  зарцуулах  эрхгүй. Түүнтэй адил төсөвлөсөн  мөнгийг цааш нааш болгож зувчуулах, дундаас нь ашиг унагах ямар ч боломжгүй. Үндсэн хууль, бусад хууль, Засгийн газрын тухай хуульд ч үүнийг тодорхой заасан байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 45.1 дэх хэсэг болон мөн хуулийн 38.3, түүнчлэн Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Монгол Улсын Засгийн газар нь асуудлыг танхимаараа хэлэлцэж, олонхиороо шийдвэрлэдэг, үйл ажиллагааныхаа талаар УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг байгууллага бөгөөд бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол, захирамж гарган, түүнд нь Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна” гэж цагаан дээр хараар бичсэн нь  бий. Шүүх хурлын явцад З.Баянсэлэнгэ ч, гэрчээр мэдүүлэг өгсөн  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд С.Баярцогт нар ч үүнийг  тайлбарласан байдаг. Мөн “Түрээсийн орон сууц” хөтөлбөр баталсан нь “Засгийн газрын хамтын шийдвэр” гэдгийг ч мэдүүлсэн  байдаг. Хамгийн сонир­холтой нь анхан шатны шүүх  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Засгийн газрын бусад гишүүнийг “Хариуцсан ажилдаа хайнга ханд­сан” хэмээн үзэж, хэрэг­сэхгүй болгосон атлаа  З.Баянсэлэнгэд албан ту­шаалаа урвуулан ашигласан хэмээн өнөөг хүртэл ял тулгаж ирэв.
 
 
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хамтын шийдвэрт нэг сайд нь ийн­хүү хариуцлага хүлээхээр болж буй бол У.Хүрэлсүхийн танхимын хувьд ямар ч захирамж, тогтоол, шийдвэр нь “Хамтынх” гэсэн статустайгаар хэрэгжээд явж байна.  Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг албан тушаалаас нь чөлөөлсөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 138 дугаар захирамж байна. Хэдийгээр Ж.Бат-Эрдэнэ огцрох өргөдлөө өгсөн ч гэлээ Ерөнхий сайдын зүгээс  салбарын сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх ёстой. Гэтэл гүйцэтгэх засаглалын тэргүүн амралтын өдөр өрөөндөө   гүйж  ирээд шууд  захирамж гаргачихсан. Тэр нь “Засгийн газар нь асуудлыг танхимаараа хэлэлцэж, олонхиороо шийд­вэрлэдэг, УИХ-ын өмнө хариуцлага хүлээ­дэг байгууллага” гэсэн  Үндсэн хууль болон бусад хууль,  Засгийн газрын тухай хуулиудыг зөрчөөд зогсохгүй УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан нь цагаан дээр хараар гэдэг шиг тодорхой байгаа.  Энэ талаар хэвлэлүүд ч асуудал хөнд­сөн, мөн иргэний нэ­хэмжл­эл ч Цэцэд очсон байдаг.
Тэгвэл энэ асуудлыг хянан хэлэлцсэн Цэц “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийд­вэрийг хууль зөрчөөгүй”  гэж шийдвэрлэжээ.  Үн­дэс­лэлээ “Монгол Улсын Засгийн газар нь асуудлыг танхимаараа хэлэлцэж, олонхиороо шийдвэрлэдэг, үйл ажиллагааныхаа талаар УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг байгууллага бөгөөд бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол, захирамж гарган, түүнд нь Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурахаар хуульчилсныг” баримталсан гэжээ.
Засгийн газрын аливаа шийдвэр танхимаараа хэлэлцэж гаргадаг хамтын шийдвэр байдаг. Ерөнхий сайд, асуудал хариуц­сан сайд гарын үзэг зурдаг” гэдгийг Цэц ийнхүү баталлаа. Хамгийн сонирхолтой нь  Үндсэн хуулийн цэц,  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёр нь нэг хуулийн заалтыг хоёр өөрөөр тайлбарлалаа. Уг нь хоёр асуудал хуулийн нэг л заалтаар тайлбарлагдах учиртай. Тийм атал Үндсэн хуулийн цэц  У.Хүрэлсүхийг  Ерөнхий сайд болохоор нь тал засч  байгаа нь  “Дарга дээшээ” гэсэнтэй, шүүх нь    УИХ-ын гишүүнээс бууж иргэдийнхээ дунд алхаж яваа З.Баянсэлэнгийг  “Баатар доошоо” гэж буйтай  агаар нэг юм.
 
 
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин