СӨҮЛ. /ТАСС/. Эрхийг нь зөрчсөн хэмээн Улс орноо нэгтгэх яамыг буруутгаад буй Умард Солонгосоос оргон зугтсан хэсэг бүлэг хүмүүстэй тус яамны сайд Чо Мён Гён уулзахад бэлэн байгаа аж. Энэ тухай Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төлөөлөгч Пэк Дэ Хён Сөүл хотод болсон сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
Солонгосын Улс орноо нэгтгэх яам энэ сарын 15-нд Умард Солонгосын иргэн байсан “Чосун Ильбо” сонины сэтгүүлч Ким Мён Соныг хоёр Солонгосын өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээг сурвалжлах сэтгүүлчдийн жагсаалтаас хассан юм. Үйл явдал болох газар сурвалжлагчдыг нэвтрүүлэхээс хэдхэн цагийн дотор энэ шийдвэрийг гаргажээ. Энэ алхмаа тус яам уулзалт болох газар зай багатай байсан гэх шалтгаанаар тайлбарлаж байсан бол сэтгүүлчид энэ алхмыг оргон зугтсан сурвалжлагчийг байлгах нь Умард Солонгосыг өдөөн хатгахгүй байх гэсэн Өмнөд Солонгосын хүсэл сонирхолтой холбоотой гэж  үзэж байгаа аж.
Ким Мён Сон  нь Умард Солонгосын Хөдөлмөрийн намын гол хэвлэлиийн байгууллага болох “Rodong Sinmun” сонинд удаан хугацаанд ажиллажээ. Өмнөд Солонгос руу оргон зугтаснаасаа хойш тэрбээр “Чосун Ильбо” сонин багтдаг томоохон хэвлэл мэдээллийн байгууллагад орж, Умард Солонгосын талаар мэдээлж,  мэргэжлийнхээ замналыг үргэлжлүүлсэн байна.
Сурвалжлагч Ким Мён Сонд ийм боломж олгоогүй нь Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа бөгөөд тэд энэ хэргийг хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах оролдлого гэж харж байгаа аж. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг