sonin.mn
УЛААНБААТАР. /РИА Новости/. Монгол Улстай цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа  өргөжүүлнэ гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу мэдэгдлээ.
“Орос улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг Монгол Улс гадаад бодлогынхоо хамгийн чухал зорилтуудын нэг гэж харж байгааг сайшааж байна. Бид хоёр орны цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн тулд хуримтлуулсан нөөц боломжоо маш үр дүнтэй ашиглах эрмэлзэлтэй байгаагаа батлан хэлж байна” гэж Сергей Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой хэлэлцээ хийх үеэрээ хэлсэн байна.
Орос-Монголын харилцаа нь уламжлалт сайн хөршийн шинж чанартайгаараа онцлог гэж Шойгу хоёр орны харилцааг дүгнэн хэллээ.
“Хоёр улсын харилцаа олон жилийн түүхтэй бөгөөд эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт тасралтгүй хөгжсөөр байгаа билээ. Олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдэх яриа хэлцээнд манай хоёр орны хандлага ижил ойролцоо байдаг” гэж Шойгу хэлжээ.
Оросын Цэргийн байууллагын тэргүүн мөн тус улсын Батлан хамгаалах яамнаас 2018 онд зохион байгуулсан арга хэмжээнүүдэд Монголын төлөөлөгчид өргөнөөр оролцсонд талархаж буйгаа илэрхийлсэн байна. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг