sonin.mn
ТЕГЕРАН. /NHK/. “АНУ-ын тавьсан хориг арга хэмжээнүүд хэрээс хэтэрч байна” гэж АНУ-ын саяхан Иранд тавьсан хориг арга хэмжээний талаар Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф шүүмжилсэн мэдэгдэл хийжээ.
Ираны “Лалын хувьсгалыг хамгаалах корпус”-ын хяналтад байдаг цэргийн “Басиж” бүлэгт санхүүгийн тусламж үзүүлсэн гэх шалтгаанаар тус улсын 20 гаруй банк болон компанид хориг тавьсан тухай АНУ-ын Сангийн яамнаас энэ долоо хоногийн мягмар гарагт мэдээлсэн юм. Яамны мэдэгдэлд тэмдэглэснээр, “Басиж” бүлэг нь цэрэг хүүхдүүдийг бэлтгэж, хүчээр тулалдуулдаг аж.
“АНУ-ын сүүлд тавьсан хориг арга хэмжээ нь Олон улсын шүүхийн дүрэм журам болон бүх ард түмний эрх ашгийг зөрчиж байна” гэж М.Зариф “Твиттер” хуудсандаа бичжээ.
Иран улс томоохон улс орнуудтай 2015 онд байгуулсан цөмийн хэлэлцээрээс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийг гаргаснаас эхлэн Иранд эдийн засгийн хориг арга хэмжээг сэргээж эхэлсэн билээ.
Түүнчлэн ирэх 11 дүгээр сарын 5-наас эхлэн АНУ Ираны газрын тосонд хориг тавихаар төлөвлөж байгаа юм байна. Ираны газрын тос экспортлогчдын мэдээлснээр, үүнийг хамгийн багаар тооцоолоход засгийн газрын орлогын 30 хувьтай тэнцэх аж. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг