sonin.mn
Комментатор нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ц.Энхбат “Их цааз, Их эргэлт” нэгдлийн үүсгэн байгуулагчийн нэг Б.Батсайхантай хөөрөлдсөнийг уншигч Танаа хүргэе.
 
–УИХ–ыг тараах гарын үсгийг ард иргэдээс цуглуулж эхлэв. “Их цааз, Их эргэлт” нэгдэл санаачлагч нь. Та энэ нэгдлийг үүсгэн байгуулагчийн хувьд “Их цааз, Их эвсэл” нэгдлээ товчхон танилцуулна уу?
 
-Газар шороо, нутаг усаа хамгаалж, түүний төлөө сүүлийн 20 гаруй жил тэмцэж буй иргэний хөдөлгөөнүүдийн их эвсэл, нэгдэл гэж ойлгож болно. Монголын жирийн ард иргэд бид сэтгэлийн дуудлагаараа нэгдэж байна. Монголын төр, Засагт гарсан эрх мэдэлтнүүд ард иргэд биднээс бүгдийг булаан авсан. Одоо тэд Үндсэн хуульд халдаж байна. Тэд ард иргэдийн саналыг авч тусгасан нэрийдлээр Үндсэн хуулийг өөрсөддөө нийцүүлэн өөрчлөхийг санаархаж байна.
Үндсэн хууль бол эцэг хууль. Ямар нийгэм байгуулахыг Үндсэн хууль л тодорхойлно. Ард иргэдийг үл оролцуулан, үл ойшоон Үндсэн хуулинд гар хүрэх нь ээ. Боловсруулсан хувилбар нь эрх мэдэл, албан тушаалтай холбоотой асуудлаа л зохицуулах төдий болжээ гэж бид дүгнэж байна. Ингэж өөрчлөлт хийхийг зөвшөөрөхгүй. Дахиж бидэнд алдах эрх ч байхгүй. Тиймээс эрдэмтэн мэргэдийг өргөнөөр татан оролцуулж, санал онолыг нь тусгасан Үндсэн хуулийн шинэ хувилбарыг бидний зүгээс боловсруулсан. Тиймээс ч “ Их цааз, Их эргэлт” гэж нэгдлээ нэрлэсэн. Бид гар хөлтэй нь зууралдаад нэмэргүй гэдгээ ойлгосон учраас тархи, толгойтой нь ноцолдох нь зүйтэй гэж шийдсэн.
 
–Иргэний нийгэмд элдэв нэр хоч өгч, үйл ажиллагааг сулруулах, ач холбогдлыг нь бууруулах хандлага ажиглагддаг. Гэвч тэмцэл зогссонгүй, улам өргөжсөөр байна.
 
-Иргэний нийгмийн оролцоо, шахалтаар 2009 онд батлагдсан хуулийг “урт нэртэй хууль” гэж шоолоод л байсан. Тэр үед шаардаж, шахаж байж энэ хуулийг гаргуулаагүй бол газар нутгийнхаа 30 хувийг өнөөдөр мөн алдчихсан л сууж байх байлаа. Гол ус, ай саваа хамгаалсан Монголын цорын ганц хууль. Байгаль орчин, ай савыг бага ч гэсэн хамгаалж байсан тэрхүү хуулинд дахин өөрчлөлт оруулж, нөхцөл байдал эргээд хүндэрсэн. Тэгэхээр эцсийн эцэст системийн тогтолцоог ярихаас өөр аргагүй болжээ гэдгийг ухамсарлаж, иргэний нийгмийн 20 гаруй байгууллага нэгдэж өргөжин, хүчээ зузаатгалаа.
 
–Намрын чуулганы нээлтийн үеэр УИХ–ын дарга М.Энхболд “Сул ардчилалтай орон гэж Монгол орныг үнэллээ” гэж хэлсэн. УИХ–ын даргын хэлсэн энэ үгийг чихнийхээ хажуугаар зүгээр өнгөрөөж болохгүй гэж санагдсан. Танд юу гэж бодогдов?
 
-Дутуудуулсан. Монголд дүр эсгэсэн ардчилал бий болсон. Тиймээс“сул ардчилал” гэж дүгнэсэн нь ч буруу. Ердөөсөө манайд ардчилал байхгүй.
 
–Би ойлгохдоо сул гэдэг үгийг ард иргэд сонгуульд оролцохдоо өнгөц оролцдог гэдэг утгаар нь хэллээ гэж бодсон.
 
-Сул ардчиллыг яаж ч ойлгож мөн тайлбарлаж болох. Аливаа зүйлийг ард иргэдийн амьдралын нөхцөл, амьжиргааны төвшингээ хэмжвэл илүү тодорхой болно. Энгийн иргэн Та энэ нийгмийнхээ эзэн нь мөн үү? гэж өөрөөсөө асуугаад үз дээ. Эргэлзээтэй хариу гарах байх. Нөгөө талаас ардчилал гэдэг бол хариуцлага. Тэгвэл тэр хариуцлага, хариуцлагын тогтолцоо хаана байна. Бидний туулж ирсэн, үгүйсгээд байсан соц нийгэмд иргэн бүр хариуцлагаа ухамсарладаг байсан. Дархан хилээ ч манадаг, бүтээн байгуулалтаа ч өрнүүлдэг, улс эх орноо ч хөгжүүлдэг, ард иргэдээ ч анхаардаг байсан. Харин ардчилал бий болсноор Монголд хариуцлага гэдэг үг манан мэт замхарсан. Шударга ёс устсан. Нийгмийн тэгш байдал гээгдсэн. Баялгийн тэгш хуваарилалт алдагдсан. Нийгэм хямарсан. Энэ бүхнийг УИХ бодлогоор зохицуулж чадаагүй. Сонгууль ч утга учраа гээсэн. Энэ бүхнийг сул ардчилал гэж М.Энхболд дарга нэрлээд байх шиг.
УИХ ард түмнийг төлөөлж чадсангүй, улс орны хөгжлийг зөв голдрилд нь оруулж чадсангүй. Тэгэхээр сул ардчилал төдийгүй, сул сонголт болжээ.
 
–Энэ чинь ард иргэдийн л сонгосон, ард иргэдийг төлөөлөх УИХ шүү дээ?
 
-Ард түмнээс хуулийн дагуу сонгогдсон УИХ, тэндээс томилогдсон Засгийн газар мөн. Гэхдээ энэ УИХ, энэ Засгийн газар улс орныг хэрхэн удирдаж байна вэ? Монгол Улсын гадаад өр 28 тэрбум ам.доллар хол давсан. Алт, мөнгө, зэс, молибден гээд үнэт металлаа цаг минут тутамд хил давуулан худалдаалж байна. Энэ их баялгийн үр өгөөжийг хэн хүртэж байна вэ? Багш нар нь 200 долларын цалингаар амьдарч байна. Монголын хүн амын 70 хувь нь өрийн сүлжээнд баригджээ. Нийт хүн амын 50 хувь нь ядуу зүдүү амьдарч байна. Ард иргэдээ ингэж амьдруулж буй энэ УИХ, Засгийн газрыг Монголынх гэж хэлж болох уу? Энэ бол бол ард түмний төлөөллийн байгууллага биш болчихсон. Шуудхан хэлбэл, намаар дамжсан улс төрийн маш том гэмт бүлэглэл бий болжээ. Үндсэн хуулийг зөрчиж, сонгуулийн хуулийг ашиглаад нам дамнасан бүлэглэл Монгол Улсыг гартаа оруулсан.
Сонгууль ердөө л гуравхан зүйлээр баталгааждаг. Нэр дэвших, тэгш шударга өрсөлдөх, саналыг алдаагүй зөв тоолох. Гэтэл сонгуулийн хуулиар энэ бүхнийг хавчсан.
 
–Байдлыг илүү тодотгож хэлнэ үү?
 
-Нэр дэвшихээс өгсүүлээд сонгогдох хүртэлх бүх эрхээ иргэд алдчихсан. Том гэх намаас дэвших үүд хаалга жирийн иргэдэд хаагдсан. Хоёрдугаарт дэвшлээ ч, сурталчилгааны зардлаа яах болж байна? Гуравдугаарт, саналыг чинь луйвардана. Иргэд төрд зүтгэхийн тулд заавал улс төрийн намаар дамжих шахалтыг бий болгосон. Иргэд эрхээ эдэлж чадахаа больсон. Энэ бүхнийг л сул ардчилал гэж хэлнэ. Сонгууль, сонгууль гэсээр байгаад ард иргэд үүргээ ч мартахдаа тулсан. Газар нутгаа хамгаалах үүргээ төр нь ч, иргэн нь ч умартжээ.
 
–Ард иргэд төрийн эрхийг барих дээд байгууллагад нэр дэвших эрхээ намуудад булаалгачихсан юм байна гэж ойлгогдлоо. Дээр нь тэгш, шударгаар өрсөлдөх боломж нь ч хаагдсан юм байна.
 
-Бие даан нэр дэвших боломж бий. 800 хүний гарын үсэг цуглуулах заалт сонгуулийн хуульд бий. 800 хүний гарын үсэг цуглуулж болно. Гэтэл сонгуулийн хууль, тогтолцоогоор бие даасан нэр дэвшигчийг хавчих механизмийг бий болгочихсон. Хүчирхийлэл гэж зүйрлэж ч болно.
 
–Шинэ нэр дэвшигчдийг хааж боосон нэг заалтыг Сонгуулийн хуульд оруулсан. Сонгуулийн сурталчилгааны хугацаа 14 хоног. Дээр нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэр дэвшигчдэд ижил (эфирийн цаг болон сонины талбай) бололцоо олгох ёстой гэсэн заалт нь өнгөн дээрээ шударга боловч, агуулга нь шинэ хүн, шинэ нэр дэвшигчдэд өөрийгээ иргэд, сонгогчдод таниулах боломжийг хязгаарласан гэсэн үг.
 
-Дэндүү богинохон. Тэр цөөхөн хоногт хөтөлбөрөө битгий хэл, өөрийгээ ч танилцуулж амжихгүй. Тэгш өрсөлдөх боломжийг хязгаарласан. Өөрсдөө зүтгэхгүй. Үнэн сэтгэлээрээ зүтгэе гэснийг боож хавчиж байгаад иргэд дургүйцэж байна. Ард түмний нэрийг барьж өөрсдөө хөлжлөө. Ард иргэдээ ядуурууллаа. Үүнд л эгдүүцэж байна. Гэтэл ард түмнээ сайхан аваад явж байгаа юм шиг ярьж хэлж буйд нь энэ Их Хурал, Засгийн газарт эгдүүцэж байна. Зөв удирдвал, гурван сая биш гурван зуун сая хүнийг ч өлхөн тэжээх баялаг Монголд бий. Тонн тонноор гадагшилж буй баялгаа тооцоолоод үз дээ.
 
–Монголын баялгийг хилийн олон боомтоор тасралтгүй зөөсөөр. Байгаль орчныг ч тэр хэмжээгээр сүйтгэж байна. Баялгаа алдаад, байгалиа сүйтгүүлсэн хэрнээ монгол иргэн нь тэр баялгаас хүртэж чадахгүй байгаа нь хамгийн гунигтай. Баялгийн жинхэнэ эзэд нь л гар хоосон хоцордог. Үүнийг ард иргэдээс үүссэн хөдөлгөөнийхэн хяналтдаа авах цаг болсон юм биш үү?
 
-Тэгэлгүй яах вэ. Бид нэгдэхгүй бол хүч хүрэхгүй болсон. Гаднынхны арга нь нарийссан. Бидний эсрэг бидний нэг хэсгийг сөргөлдүүлдэг болсон. “Ноён уулын” шүүх хурал гэхэд л монголчууд, монголчуудтайгаа шүүхдэлцэж буй. Шар толгойтнууд бидний эсрэг монголчуудыг маань тавьсан ийм эмгэнэлтэй явдал шүүх дээр үргэлжилж буй.
 
–Монголын баялгийг цөлмөж буй олборлолтын компаниудын цаад эзэд нь гадныхантай түрийвч нэгтэй манай нөлөө бүхий улс төрчид байдаг тухай яриа газар авсан. Намрын чуулган дээр Баттулга ерөнхийлөгч “Монгол төрийг монгол гэртэй” зүйрлэсэн. “Хана унь нь цуурсан, багана нь хазайсан, тооно тонгойж, нурах дээрээ тулжээ. Ийм болсон гэрийг торгоож, засна гэдэг илүү үйлдэл. Тиймээс энэ гэрийг сууриар нь өөрчилж, цоо шинээр барих ёстой” гэсэн зүйл хэлсэн.
 
-Сонссон. Яв цав санал нийлж байгаа. Гэрийн хана, унь, багана нь бүрэн бүтэн байх учиртай. Хэлбэр, бүтцийн хувьд төдийгүй, агуулгын хувьд ч, Монгол хүн, газар нутаг, эх хэл, ахуй, соёл тэр чигтээ нурж унах дээрээ тулсан. Энэ бүхнийг засахын тулд сууриар нь өөрчлөнө. Хүндээ ч, намдаа ч буруу байхгүй гэж ерөнхийлөгч хэллээ. Хүндээ буруу байхгүй гэдэг үгийг би дэмжихгүй, хүлээн авахгүй. Явж явж бүх зүйл хүнээс л хамаардаг. Муухан хуультай ч, сайн хөгжиж байгаа улс орон байна. Асар сайн хуультай ч тааруухан хөгжиж буй улс орон ч байна. Энэ бол хүний хүчин зүйлийн илэрхийлэл.
Тогтолцоог бол нэн даруй өөрчлөх хэрэгтэй. Үүний тулд Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай.
 
-Дэлхийн  196 орноос Гүрж, Болгар, Монгол гээд  цөөн улс орон хагас парламенттай. Энэ улс орнууд ядуурсан. Удирдлагын хямралд өртөмтгий болсон. Тэднээс Гүрж парламентын хагас засаглалаа сольсон. Хөгжил нь дээшилсэн, авлигын индексээрээ ахисан. Хамгийн гол нь ард түмний шүүхэд итгэх итгэл нь 5 хувь байснаа 75 хувь болж дээшилсэн гэж чуулганы нээлтийн үгэндээ Баттулга ерөнхийлөгч онцоллоо. Үр өгөөжгүй хагас парламентийн засаглалыг халья гэсэн санааг Баттулга дэвшүүллээ.
 
-Үндсэн хуулийг өөрчилж байж үүнийг хэрэгжүүлнэ. 28 жил Монголын төрийн эрхийг атгаад улс орныг доройтуулсан өнөөгийн улс төрчдөөр энэ өөрчлөлтийг хийлгэж болохгүй. Гүрж ч бай, Киргиз ч бай, бидний мэдэх тэр орны ард иргэд улс орны баялгийг сорж байсан хувалзнаасаа эхлээд салсан юм даг. Эрх баригчидтай хариуцлага тооцож, түүний дараа нь өөрчлөлт шинэчлэл рүүгээ орсон. Энэ л зөв зам.
Үндсэн хуулийн шинэчлэлийг эрх баригч намд даатгаж хэрхэвч болохгүй. Харин ч намын төлөөлөлгүйгээр, ард иргэд манлайлагчдаа дотроосоо тодруулж, тэдний оролцоотойгоор үндсэн хуулиа шинэчлэх ёстой. Ингэж чадаж гэмээнэ жинхэнэ бүрэн эргэлт болно. Монголын Үндсэн хуульд ард иргэд төрийн эрх барих дээд байгууллагыг сонгоход шууд оролцоно гэсэн заалт бий. Үүнийгээ жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх цаг болсон.
 
–Улс орон бүрт референдум буюу, санал асуулга явуулдаг. Ялангуяа улс орныг хамаарсан ноцтой асуудал үүсэх үед төр нь иргэдээ сонсож, тэднээс асуудаг. Өөрөөр хэлбэл байр суурийг тандаж мэддэг. Тэгэж байж шийд гаргадаг. Харин Монголд санал асуулга нь лобби төдий болчихоод байдаг тал анзаарагддаг. Хэлбэр төдий.
 
-Санал асуулгыг ард түмнийг төлөөлөх УИХ л явуулах эрхийг Монголд хуульчилсан. Киргизийн жишээгээр бол Киргизийн ард түмэн төрийн эрх мэдлээ санал асуулга болон сонгуулиар шууд, мөн үндсэн хуулийн аргаар байгуулагдсан төрийн ба орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан хэрэгжүүлнэ гэж орсон. Шууд гэдэг нь угтаа “улс оронтой холбоотой хууль болон бусад чухал асуудлыг бүх ард түмний санал асуулгаар шийдвэрлүүлж болно гэсэн санаа байгаа юм.” Өнөөдөр манайд Оюу толгой гээд л улс оронтой холбоотой асуудал тулгарч байна уу? гэвэл тулгарч л байна шүү дээ. Үүнийгээ л ард түмний санал асуулгаар шийдэх ёстой. Гэтэл санал асуулга, шууд оролцоо гэдэг Үндсэн хуулийн заалтыг ард иргэдээсээ зориуд далдлан нуусан. Энэ заалтыг ашиглах цаг болжээ. Тиймээс энэ Их Хуралд итгэл үзүүлэх талаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Ард иргэд ягтаа тулсан аргаа л хэрэглэж байна. Уул нь УИХ хийх ёстой. Харамсалтай нь тэд хийхгүй. УИХ өөрийгөө тараах талаар хэзээ ч санал асуулга явуулахгүй нь ойлгомжтой. Хоёрдугаарт, УИХ-д 65-уулаа болсон өнөө үед хэнээр ч хийлгэхгүй.
 
–Сонгуульд итгэхэд бэрх болсон. Саналыг луйварддаг. Сонгуулиар энэ бүх өөрчлөлт хийнэ гэдэгт бас эргэлзээ төрж байна. Тэгэхээр гарын үсэг цуглуулах ажил хэр эрчтэй явж байна?
 
-Эргэлзээ их бий. Тиймээс “Их Эргэлт” хийх цорын ганц гарц бол энэ УИХ-ыг тараах. Гарын үсэг цуглуулаад нэг сар орчим л болох гэж байна.
 
–Иргэд хурууныхаа хээгээр гарын үсгээ баталгаажуулжээ.
 
-Өндөгний хээ гэдэг бол 7 тэрбумд ганц ч давхцдаггүй онцлогтой. Монгол бол иргэдийнхээ гарын хээг албан ёсоор бүртгэн авсан түүхтэй. Хурууны өндөгний хээ нь ямар ч бичиг баримтыг төлөөлөх бүрэн боломжтой цөөн орны нэг. Тиймээс гарын үсгээс гадна, хурууны өндөгний хээг нь давхар авсан.
 
–Асууна гэснээс, Монголын Улс төрийн өндөр албан тушаалтан, АН–ын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Элбэгдорж “Ард түмнээсээ асуудаг ерөнхийлөгч болно” гэж пиардаад анх сонгогдож байсан. Газар шороотой, нутаг устай холбоотой аливаа асуудлыг ард түмнээсээ асууж шийдэх болно оо л гэсэн. 2009 оны сонгуулиар тэр ялсан, тэгээд яалаа? Оюутолгойг түргэвчил гэдэг лүндэнг л наадмын өмнөхөн буулгасан шүү дээ?
 
-Хариуцлага тооцож сураагүй байна, бид. Арга зам байх л учиртай. Нэгэнт сонгосон л бол сонгосон, дараа нь уйл гэдэг шиг л гунигт юм болоод байна.
Үндсэн хуулийн суурь зарчмыг бид мөрдлөгө болгоно. “Засгийн эрх монгол ард түмний гарт байна. Мөн иргэн бүр төрөө удирдах хэрэгт шууд оролцоно” гэж Үндсэн хуулинд заасан. Энэ заалтыг мөрдлөгө болгоно. Бидэнд бас барих, тулах хууль, түүний заалт байна.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал сөхөгдөхөд, Монголын хувь заяаг Бээжин, Москва хоёр шийдэхгүй. Монголын ард түмэн өөрсдөө шийдэх статус байна гэж Сталин ( Орос улсын тэргүүн) 1924 оны Үндсэн хуулийг иш үндэс болгосон байдаг. Монголын ард түмэн өөрсдөө санал асуулгаа явуулаад хувь заяагаа шийднэ гэж Сталины хэлснээр нь монголчууд шийдэж тусгаар тогтнолоо хамгаалсан түүхийг бид мэднэ.
Улмаар Үндсэн хуулиа 1960 онд сайжруулан шинэчилж, 1961 онд НҮБ-д элссэнээр тусгаар улс гэдгээ дэлхий дахинд зарлан тунхагласан. Энэ статусаа бид хадгалах учиртай. Гэтэл Монголын ард түмэн дотооддоо бүрэн эрхээ эдэлнэ гэж заасан тэр эрхийг улстөрчид булаачихаж.
 
–Үндсэн хуулийг 1992 онд бас шинэчилсэн?
 
-1992 оны Үндсэн хуулийн давуу тал нь төрийн эрх, үүргийг ард түмэнд олгосон. Харамсалтай нь энэ эрх, үүргийг нуун дарагдуулснаас болж, өмнөх нийгмээсээ ч долоон дор, эрх, үүргээ ч мэдэхгүй, эдэлж ч чадахгүй тийм ард түмнийг бүтээчихлээ. Ямар ард түмэн байна, тийм төр байдаг гэдэг зүйр үг бий. Өнгөц харвал энэ бүхний бурууг ард түмэнд тохох гэж байна. Хууль нь ч, хяналт нь ч байна. Үндсэн хуулийн гол моторыг бүтээсэн ч, дагалдах хуулиудыг нь зөрүүлснээс болж , араа шүд нь гацсан, зүйрлэвэл. Систем нь гацсан гэдэг чинь энэ. Гэхдээ сонгож болсон юм чинь татан буулгая гэж байгаа юм.
 
–УИХ-ыг тараая гэж байгаа энэ хөдөлгөөн ямар хугацаанд үргэлжлэх вэ?
 
-2016 оны сонгуулиар бүрдсэн Их Хурлын 76 гишүүн нийлээд 642 мянган сонгогчийн санал авсан юм билээ. Энэ нь тухайн үеийн нийт сонгогчдын 42 хувь, 2016 оны иргэдийн 50 хүрэхгүй хувь нь л байгаа юм. Энэ тоог 76 гишүүндээ хуваахаар нэг хүн 8000 хүний санал авч гишүүн болжээ. Энэ тоо монголын нийт ард түмний саналыг төлөөлж чадах уу? 642 мянган хүний санал авчихаад Монголын нийт ард түмнийг төлөөлж байгаа юм бол юуны түрүүнд энэ тоог нь давуулчихъя. Түүнийгээ УИХ-д биш, ганцаараа тэднийг нийлүүлсэн хэмжээний санал авсан Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина гэж бодож байгаа.
Тэр хүн бол монголын ард түмний эв нэгдлийг илтгэсэн цорын ганц хүн. Монгол Улсын Ерөнхийлөгч улс төрийн намуудын эрх ашгийг хойш нь тавиад, улс орон, Монголын ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавиад ард түмэнтэйгээ нэгдэж чадвал тогтолцоог өөрчилж чадна гэдэгт итгэж байна. “Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэдэг ардын зүйр үг бий. УИХ-д Үндсэн хуулийг шинэчлэх эрхийг олгож хэрхэвч болохгүй.
 
–УИХ буюу, түүнийг бүрдүүлж буй улс төрийн нам, түүний гишүүд, эрхтэн дархтанууд өөрсдийгээ хамгаалсан хууль гаргасан. Тэд аливаа үйлдлээ “хуулийн дагуу”, “хуулийн хүрээнд” хийсэн байдаг. Хуулийн хүрээнд хийсэн тэдэнтэй хариуцлага тооцох боломжгүй. Хуулийг өөрсдөдөө зориулдаг. Сонгуулийн хууль үүний нэг сонгодог жишээ. Одоо дахиад л өөрчлөх тухай ярьж байна. Сайжирсан, дээшилсэн зүйл заалт мөн л орсонгүй. Зөвхөн л сонгуулийн хуулиа Ерөнхийлөгч, УИХ,  ИТХ гэж салгаж буй л юм билээ. МҮАН–ын дарга Б.Цогтгэрэл орон нутгийн сонгуулийг иргэдийн сонгууль байлгах тухай бодитой санал оруулсан ч, мөн л намын иргэдийн хурал болгох заалтаас салаагүй байна.
 
-Үгсэн хуйвалдсан улс төрийн бүлэглэл бол хэзээ ч өөрийн байр сууриа тавьж өгөхгүй. Эдийн засгийн алуурчид гэдэг нэр томьёо дэлхий дахинд бий болсон. Монголын баялгийг цөлмөж буй гадаадын эдийн засгийн “ алуурчид” хөрөнгө оруулалт гэдэг сайхан нэрээр халхавчилж, хөрөнгөө 10-100, түүнээс олон дахин хувиар өсгөж байна. Тэдэнд Монголын улс төрчид үйлчилж, хуулиа ч тэдний хүсэлт захиалгаар өөрчилж ирлээ.
 
–Хүлээнэ гэдэг бол удна л гэсэн үг гэж бурхан хэлсэн гэдэг. Тэгэхээр Та бүгд хүлээхгүйгээр шийджээ.
 
-Биднийг нэгдэхээр үймээн, самуун үүсгэх нь гэсэн яриаг зориуд тараадаг. Хулгай хийсэн хүн аймхай байдаг гэдэг. Дээрх яриаг ийм хүмүүс санаатайгаар тарааж буй. Хоёрдугаарт, үймээн самуун гарах шалтаг шалтгааныг эрх баригчид өөрсдөө тавьж буй. Хуулийг хэн зөрчиж байна. Эрх мэдэлтнүүд л шүү дээ. Нүдэн дээр хууль зөрчиж, худрагагүй загнаж буй тэднээс болж нийгэм бухимдаж байна. Амьдралын бодит үнэнийг харья. Ард иргэд цөхрөнгөө барсан.
 
Одоо аар саар жижиг асуудал ярих биш, Үндсэн хуулинд заасан эрхээ бариад л, өндийх хэрэгтэй.
 
–Ирэх хавар, намар ч юм уу, “Их цааз, их эргэлт” нэгдэл амжилтад хүрчээ гэж төсөөлье. УИХ тарчихаж гэж саная. Тэгвэл Засгийн газар бас татан буугдах уу?
 
-Өнөөгийн улс төрийн бүлэглэлийг төрийн эрх мэдлээс холдуулна. Бид маш нухацтай хандана. УИХ-ыг тараана. Харин Засгийн газрыг Түр хорооны хяналтан дор үлдээн ажиллуулна. Тахимаа өгөх УИХ-аар нэг л тогтоол батлуулна. Тэр тогтоол нь шинэ үндсэн хуулийг батлах тогтоол байна.
 
–Аливаа эргэлт хойно бас хариуцлага тооцох тухай асуудал яригдах юм байна?
 
-Ямар нэг эргэлтийн дараа бухимдсан хэсэг өс хонзон авах нь энгийн үзэгдэл болсон. Түүнийг л зөвшөөрч болохгүй. Нам гэж хавтгайруулж, хэлмэгдүүлж болохгүй гэдэг Оросын гашуун туршлага бий. Намд чинь жирийн сайхан иргэд ч бас бий шүү дээ. Сүүлийн 27 жил төр барьсан улс төрийн өндөр тушаалтнуудыг дэнсэлнэ. “Их цааз “ гэдэг үгэнд эмзэглэх нэгэн байна. Юм бичихэд зориулсан цагаан зүйлийг цаас гэнэ, цаасан дээр хууль бичигдсэн бол цааз болно гэдэг. Тэр утгаар нь л бид энэ үгийг сонгосон. Энэ үгийг яллах, шийтгэх тухай агуулгатай бүү холиосой гэж хүсэх байна. Бидний алсын зорилго бол Монголын нийгэмд намгүй тогтолцоог бий болгох. Нам гэдэг үгийг ченж гэж орчуулах болсон. Ченж төрийн албыг дүүргэсэн нөхцөлд төрийн алба яаж ялзардагийг бид харж байна. Тиймээс Монголын нийгэм, ард түмэн дотроосоо шигшиж, сайныгаа, манлайлагчаа өөрсдөө тодруулдаг тийм тогтолцоог л бид хүсэж байна.
 
Ц.Энхбат
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин