sonin.mn
СӨҮЛ. /ТАСС/. Ромын Пап Франциск албан ёсны урилга хүлээж авсан үедээ БНАСАУ-д айлчилна. Тэрбээр энэ тухайгаа пүрэв гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Ватиканд уулзахдаа мэдэгдсэн гэж Өмнөд Солонгосын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Юн Ён Чан сэтгүүлчдэд мэдээлжээ.
Мүн Жэ Ин Ромын Паптай уулзах үеэрээ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны нэрийн өмнөөс тус улсад айлчлах аман урилгыг Францискт дамжуулсан болохыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн төлөөлөгч онцлон хэлсэн байна. “Хэрэв албан ёсны урилга хүлээж авбал хариуг заавал өгөх болно гэж Пап Франциск хэлсэн” гэж Юн Ён Чан мэдээлжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ватиканд айлчлах үеэрээ Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход дэмжлэг авах, мөн хамтын ажиллагааны цаашдын төлөвлөгөөг хэлэлцэнэ гэж тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газар урьд нь мэдээлж байв.
Өмнөд болон Умард Солонгосын хооронд энх тайван тогтохын төлөө Ромын Пап Франциск нэг бус удаа олны өмнө залбирал үйлдэж байсан юм.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч аравдугаар сарын 13-21-ны хооронд Франц, Итали, Ватикан, Бельги болон Дани  зэрэг Европын орнуудад хийх айлчлалаа эхэлсэн билээ. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг