sonin.mn
УИХ–ын дарга М.Энхболд өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд захирамж гаргаж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ–ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба–Очир ахалж, дэд ахлагчаар УИХ–ын гишүүн Д.Тэрбишдагва томилогдсон байдаг. 
Бүрэлдэхүүнд УИХ–ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат–Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллахаар болов.   Мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ–д танилцуулахыг Ажлын хэсэгт захирамжаар даалгасан байна. Үүнээс хойш долоон сарын хугацаа өнгөрсөн ч ажлын хэсгийнхэн одоо хүртэл санал дүгнэлтээ урьдчилсан байдлаар танилцуулаагүй байна.  Энэ хугацаанд ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир нэрээ татаж, түүний  оронд Д.Тэрбишдагва ажиллах болсон.  Д.Дамба-Очирыг ашиг сонирхлын  зөрчилтэйгөөр нэрээ татсан байж магадгүй гэсэн таамаг байсан юм. Одоо тэдний ярьж буйгаар бол 200 хуудас материал  цугларсан бөгөөд  үүнийгээ нэгтгэж, удахгүй УИХ–д танилцуулна гэсэн тайлбар өгч байна. Нууцын зэрэглэлтэй учраас зарим мэдээллийг өгөх боломжгүй гэсэн  бүрхэг хариулт ч явж байгаа юм.  Мөн өчигдөр болсон  Ажлын хэсгийн хуралдаанд 11 хүнээс зургаан гишүүн ирж, ирц нь  арай гэж бүрджээ. Ажлын хэсэг дотор таван дэд ажлын хэсэгтэй. Эдгээрийг таван Төрийн нарийн бичгийн дарга ахалж байгаа. Дэд ажлын хэсэгт судлаачид, эрдэмтэд, намуудын төлөөлөл, нам бусчуудын төлөөлөл, эдийн засагчид, төрийн албанынхан зэрэг олон хүн багтаж чиглэл чиглэлээрээ ажиллаж байгаа. Дэд ажлын хэсгийн дүгнэлт  өнгөрсөн наймдугаар сард гарчихсан байна.   Харин УИХ дахь ажлын хэсэг сул байгаа нь үүн дээр ч харагдаж байна.   Гуравдугаар сард ажлын хэсэг байгуулагдаж, наймдугаар сард  дэд ажлын хэсгийн дүгнэлттэй танилцсан. Одоо арваннэгдүгээр сар болж байхад УИХ–д санал дүгнэлтээ ч танилцуулаагүй байна.  Мөн ажлын хэсгийн хуралдаанд гишүүдийнх нь тал хувь оролцохгүй байгаа нь энэ ажлын хэсэг зөв дүгнэлт гаргах эсэхэд эргэлзээ төрүүлж эхэллээ.
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин