sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээнээс /ДБОЗТПУГ/ гарах тухайд АНУ нухацтай хандаж байгаа боловч уг гэрээнээс гарч буйгаа Оросын талд албан ёсоор мэдэгдэхийн өмнө холбоотнуудтайгаа болон ОХУ-ын эрх баригчидтай зөвлөлдөх уулзалт хийхээр төлөвлөж байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Жон Болтон “The Wall Street Journal” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Тэрбээр ОХУ-д айлчилж байгаа юм.
"Дээрх гэрээтэй холбоотой асуудалд АНУ-ын хийх дараагийн алхамуудын тухайд Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 20-нд маш тодорхой, маш шийдэмгий мэдэгдсэн" гэж Болтон цохон тэмдэглэсэн байна. Гэхдээ Трампын засаг захиргаа “Европ, Ази дахь холбоотнуудтайгаа олон удаа зөвлөлдөж, мөн ОХУ-тай нэмэлт зөвлөлдөх уулзалт хийхээр төлөвлөж байгааг” тэрбээр мэдээлжээ.
Вашингтон аливаа давуу байдлыг олж авахын тулд ДБОЗТПУГ-нээс гарна гэж сүрдүүлж байна хэмээн үзэж байгаатай Болтон санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
“Энэ асуудлыг Оросын талтай өнөөдөр хэлэлцлээ. Бид зөрчөөгүй гэж байгаа тус улсыг гэрээнд хүлээсэн үүргийг яаж даган мөрдүүлэх вэ? Гэрээг зөрчөөгүй гэж тэд үзэж байна. Бид үүнтэй санал нэгдэхгүй байгаа” гэж тэрбээр нэмж хэлээд Москвагийн энэ байр суурь нь оросууд гаргаж буй зан авираа өөрчлөх төлөвлөгөөгүй байгаагийн илрэл гэжээ.
Жон Болтон өмнө нь ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтай уулзсан байна. Хэлэлцээ таван цаг үргэлжилж, Орос-Америкийн хоёр талын харилцаа, стратегийн тогтвортой байдал болон олон улсын аюулгүй байдлын асуудлууд, зэвсэг үл дэлгэрүүлэх, хяналт тавих, мөн бүс нутгийн хурц хямралуудтай холбоотой сэдвүүдийг хөнджээ. Уулзалт ажил хэрэгч бөгөөд үр дүнтэй болж өнгөрлөө гэж ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Түүнчлэн ОХУ-ын Сергей Лавров даваа гарагт Жон Болтонтой хэлэлцээ хийжээ. Бүтэн хагас цаг үргэлжилсэн зөвлөгөөн хаалттай болсон байна. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг