Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 10 дугаар сарын 22-ны өдөр Бээжин хотын дарга Чэнь Жининтэй албан уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “БНХАУ-тай бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Хятад Улс нь Монгол Улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч бөгөөд талууд 2020 он гэхэд худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад ажиллаж байна.
Миний бие Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын бүрэлдэхүүнд энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчилсан. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ оны наймдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Эдгээр айлчлалын үр дүнд Улаанбаатар хот руу чиглэсэн томоохон төслүүд хэрэгжихээр болсны нэг нь БНХАУ-ын Засгийн газрын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр болоод байна. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 30 сая ам.долларын хөрөнгөөр Улаанбаатарт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв болон ерөнхий боловсролын 7 сургууль, нэг цэцэрлэг барихаар болсон.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян 2016 онд Монгол Улсад айлчлахдаа Улаанбаатарын гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон” хэмээлээ.
Улаанбаатар хот дэлхийн 40 гаруй хоттой ах дүүгийн харилцаатайн нэг нь Бээжин хот юм.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бээжин хотын даргад хандан товч саналууд дэвшүүлсэн юм.
Үүнд, агаар, орчны бохирдлыг бууруулах, автомашины түгжрэлийг бууруулах, Бээжин хотоор нэрлэгдсэн шинэ цагийн бүтээн байгуулалт эхлүүлэх, үүнд залуу гэр бүлийг дэмжсэн хороолол байгуулах, байгаль орчин, экологи, нийтийн тээврийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зэрэг санал багтаж байлаа.
Бээжин хотын дарга Чэнь Жинин хариу хэлэхдээ агаарын чанарыг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хоттой хамтран ажиллахдаа татгалзах зүйлгүйг онцоллоо. Мөн төрийн албан хаагчдыг Бээжин хотод урт, богино хугацаагаар магистрантур, докторантурт сургах, нарийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх зэргээр мөн хамтран ажиллах боломжтой гэв. Бээжин хотоор нэрлэгдсэн шинэ бүтээн байгуулалт хийх асуудлыг судалж үзээд нааштай хариу өгнө гэдгээ мөн илэрхийлэв.
Автомашины түгжрэлийн хувьд Бээжин хотод ч энэ асуудал байгааг та бүхэн нүдээр харсан байх гэлээ. Иргэдийн амьдрал дээшлэхэд автомашины тоо нэмэгдэж, түгжрэл үүсдэг нь аль ч хотын тулгамдсан асуудал гэдгийг Бээжин хотын дарга хэлсэн юм.
Ирэх 2019 онд Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тус тус тохионо. Иймээс Бээжин хотын даргыг Улсын их баяр наадмын үеэр Улаанбаатар хотод айлчлахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд урилаа.  Нийслэлийн засаг  дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн  БНХАУ-ын Бээжин хотод хийж байгаа ажлын айлчлалын   төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд  захирагчийн ажлын албаны  дарга Т. Гантөмөр,  Нийслэлийн иргэдийн  төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч  Б. Мөнхбат,  П. Батчимэг,  О. Мөнгөншагай болон   Чингэлтэй дүүргийн засаг дарга  Ж.Эрдэнэбат,  НЗДТГ-ын  Төрийн  захиргааны удирдлагын хэлтсийн  дарга Ү. Ганболд тэргүүтэй төлөөлөгчид багтаж байна.  Хотын даргын  албан айлчлалын үеэр  Бээжин хотод анх удаа” Улаанбаатарын өдрүүд” арга   хэмжээ  зохион байгуулагдаж байгаа төдийгүй  хоёр хотын аж ахуй нэгжүүдийн “ Бизнес уулзалт” болох юм.