sonin.mn
ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар өнөөдөр Токио хотноо 12 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаа хийнэ. Тэд хоёр улсын батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлж, эдийн засгийн холбоог нэмэгдүүлэх зорилготой байна.
Мөн тэд ням гарагт Японы Яманаши мужид зочилж, Яманака нуурын намрын өнгө төрхийг сонирхсоны зэрэгцээ тус мужийн томоохон роботын үйлдвэрээр зочилжээ.
Үүний дараагаар тэд Нарусава тосгон дахь Шинзо Абэгийн зуслангийн байшинд хүрэлцэн ирж, оройн зоог барьжээ. Дашрамд дурдахад Нарендра Моди нь Японы Ерөнхий сайдын зуслангийн байшинд зочилсон анхны гадаадын нэр нөлөө бүхий хүн болж байна.
Шинзо Абэ болон Нарендра Моди нар хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан цэргийн сургуулилт хийх замаар батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү төлөвлөгөөний үндсэн зорилго Энэтхэгийн болон Номхон далайг чөлөөтэй, нээлттэй хадгалах явдал юм.
Мөн тэд Энэтхэгийн баруун нутагт хурдны галт тэрэгний сүлжээ байгуулах төслийн талаар хэлэлцэх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ талууд Энэтхэг дэх Японы компаниудад дэмжлэг үзүүлэх замаар хоёр улсын эдийн засгийн холбоог бэхжүүлнэ гэж салбарын мэргэжилтнүүд найдаж байгаа юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг