sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, ирэх оны төсвийн төслийн талаар өөрийн саналаа танилцуулжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв.
Тэрээр, Ирэх жил дэлхийн эдийн засаг хямралд өртөх эсрдэлтэй байгаа юм. Тиймээс уул уурхайгаас хэт хараат эдийн засгийг төрөлжүүлж, шавхагдашгүй нөөц буюу малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр байгуулахад анхаарч, улсын төсвөөс тодорхой хөрөнгө тусгах саналаа Ерөнхийлөгч танилцуулсан. Мөн Ерөнхийлөгч аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд УИХ, Засгийн газар идэвхтэй ажиллах хэрэгтэй гэсэн санал тавьсан хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа онцолсон юм.
 
Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
 
-Зарим гишүүд ирэх оны төсвийн төсөлд өөрсдийн эзэмшлийн компанид концессын гэрээгээр бүтээн байгуулалт хийх эрх олгох заалт тусгасан тухай шүүмжлэл гарах болсон. Энэ талаар бүлгээс дүгнэлт гаргасан уу?
 
-Бид ирэх оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийнхэнтэй санал солилцсон. Ажлын хэсгээс “Концесстэй холбоотой заалтууд Засгийн газрын өргөн барьсан төслийн дагуу явж байгаа. Гишүүдийн зүгээс ямар нэгэн санал оруулаагүй” гэсэн тайлбар өгсөн. Тухайлбал, Дорноговь аймгийн хоёр сумыг эрчим хүчээр хангах МАК компанийн Цагаан суваргын ордын төсөл бий. Үүний урьдчилгаанд 7 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан байна. Ер нь бол бүтээн байгуулалт хийхээр Засгийн газартай гэрээ, хэлэлцээр хийсэн бол цаг тухайд нь, чанартай хийх нь чухал юм.
 
-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан (ЖДҮДС)-гаас УИХ, Засгийн газрын гишүүд зээл авсан тухай мэдээлэл гарсан. Эдгээр хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?
 
-Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайд албан ёсны тайлбар хийсэн. Сангийн яамнаас сарын өмнө ХХААХҮЯ-нд шалгалт хийсэн байна. Шалгалтын дүн тодорхой болсны дараа хууль зөрчсөн үйлдлүүдийг хууль, хяналтын байгууллагуудаар шалгуулах юм.
 
- ЖДҮДС-гаас хэдэн улс төрч зээл авсан бэ?
 
-Энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй. Шалгалтын дараа бүх асуудал тодорхой болох байх.
 
-Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд төдийлөн нөлөөлөхгүй байна. Тэгэхээр эдийн өсөлтийн үр шимийг иргэд хэзээнээс хүртэж эхлэх вэ?
 
-Эдийн засаг өнөөдрийн байдлаар 6 хувиар өсч, хамгийн хүнд үеийг дөнгөж даван гарч байгаа. Үүний үр дүнд ирэх оны төсөвт анх удаа 500 тэрбум гаруй төгрөгийн хуримтлалын сан бий болгохоор тусгасан.
 
-2016 оны сонгуулийн үеэр дэвшүүлсэн МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ?
 
-Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа.
 
-Ирэх оны төсөвт гишүүн бүрт 5 тэрбум төгрөг олгохоор болсон. Үүнийг тэвчиж болох зардал гэж харж байгаа?
 
-76 тойрогт нэн даруй шийдвэрлэх шаардлагатай олон ажил бий. Тиймээс тухайн тойргуудад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор гишүүдийн сонгогдсон тойрогтоо бүтээн байгуулалт хийх хөрөнгийг тусгасан юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг