sonin.mn
ТОКИО. /ТАСС/. Японы засгийн газар энэ жил баруун өмнөд алслагдмал Ишигаки арал дээр цэргийн бааз байгуулах ажлаа эхлүүлэх бодолтой байна. Тус аралд 5-6 мянган хүний бүрэлдэхүүнтэй гарнизон байрлуулахын сацуу “газар дээрээс усан онгоц сөнөөгч” болон “газар-агаар” ангиллын пуужингуудын батарейнуудыг байрлуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ арга хэмжээнүүдийг Дорнод Хятадын тэнгис дэх Хятадын эрх баригчдын цэргийн ажиллагааг тогтоон барих арга хэрэгсэл болгон авч хэрэгжүүлж байна гэж “Sankei Shimbun” сонин мэдээлжээ.
Тус сонины мэдээлснээр, одоогоор Японы цэргүүд зөвхөн тус бүс нутагт хамгийн том Окинава арал дээр байрладаг. Тэндээс Тайван хүртэлх жижиг арлуудад гарнизонууд байдаггүй гэж тэмдэглэжээ.  
Түүнчлэн Японы эрх баригчид ирэх оны хавраас Мияко аралд цэргийн бааз байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тэнд хөлөг онгоцноос эсэргүүцэн хамгаалах пуужин болон Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хэрэгслүүдийг байрлуулах аж.
Өнгөрсөн долоо хоногт Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Хятад улсад айлчилсан билээ. Ажиглагчдын үзэж байгаагаар сүүлийн үед Хятад болон Японы эрх баригчдын харилцаанд дулаарал ажиглагдаж байгаа хэдий ч Япон улс хөрш орны Дорнод Хятадын тэнгис дэх цэргийн бодлогод болгоомжтой хандсан хэвээр байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг