sonin.mn
ТОКИО. /TASS/. АНУ болон Японы Зэвсэгт хүчний хамтран явуулдаг “Keen Sword” цэргийн томоохон сургуулилт лхагва гарагт Японы нутаг дэвсгэрт эхэлсэн тухай “Kyodo” агентлаг мэдээлжээ. 
Дээрх сургуулилтыг хоёр жилд нэг удаа хийдэг бөгөөд энэ жил Японы 47 мянга орчим, АНУ-ын 9500 орчим цэрэг, хоёр орны Агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд болон Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд оролцоно. 
“Энэхүү сургуулилт нь Японы нутаг дэвсгэрийг хамгаалах болон бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад зайлшгүй чухал агаар, далай тэнгис болон эх газарт явуулах ажиллагаануудад чадвараа сорих боломжийг хоёр орны цэргүүдэд олгодог” гэж сургуулилт эхэлсэнтэй холбоотойгоор Япон дахь америк цэргийн командлагч, генерал Жерри Мартинесийн хийсэн мэдэгдэлд дурджээ. 
Лхагва гарагт эрэн хайх-аврах ажиллагаа явуулахад хамтран ажиллах тактикийг Японы Хоншю арлын хойд хэсэгт оршдог Мисава баазын бүсэд боловсруулна. 
Хоёр орны цэргийн хамтарсан сургуулилт 11 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг