sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны нефть болон нефтийн бүтээгдэхүүний импортод урьд нь тавьсан хоригоо сунгасан тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.
Иран улстай энэ салбарт хамтын ажиллагаагаа хумихад дэлхийд хангалттай хэмжээний нефть бий гэдэгт итгэлтэй байгаагаа АНУ-ын төрийн тэргүүн гаргасан зарлигтаа илэрхийлсэн байна. Тэрбээр “нөхцөл байдлыг анхааралтай ажиглана” гэж мэдэгджээ.
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар байгуулсан Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнөөс АНУ гарч байгааг Дональд Трамп өнгөрсөн тавдугаар сарын 8-нд мэдэгдсэн билээ. Тэрбээр урьд нь тогтоож байсан хоригийг сэргээгээд зогсохгүй шинээр хориг арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм.
Америкийн хоригийн эхний хэсгийг наймдугаар сарын 7-нд шилжих шөнө сэргээсэн байна. Үлдсэн хориг арга хэмжээ 11 дүгээр сарын 4-нөөс хэрэгжиж эхэлнэ. АНУ-ын эрх баригчид мөн Ирантай хамтран ажилладаг гадаадын компаниудын эсрэг хоригийн жагсаалтаа тогтмол өргөжүүлдэг.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг