sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнөөс /ҮАХЦТ/ гарсантай холбоотойгоор Иран улсад авсан хориг арга хэмжээний хоёр дахь хэсэг хэрэгжиж эхэллээ. Шинэ хязгаарлалт нь Ираны эрчим хүчний салбар, нефтьтэй холбоотой гэрээ хэлцлүүд, тус улсын Төвбанкаар дамжуулан хийсэн хувьцааны арилжаа, хөлөг онгоцны тээвэр болон хөлөг онгоцны үйлдвэрлэлийн салбарыг хамарна. 
АНУ-ын Ираны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Брайан Хукийн мэдэгдсэнээр, эрчим хүчний салбарт хориг арга хэмжээ авах замаар Иран улсын нефть, нефтийн бүтээгдэхүүнээс олдог орлогыг “тэг хувь” болгож бууруулахаар төлөвлөж байна. Тэрбээр мөн Америкийн эрх баригчид ҮАХЦТ хэрэгжиж эхэлсэн өдөр буюу 2016 оны нэгдүгээр сард цуцалсан бүх хоригийг сэргээн, дэлхийн зах зээлийн тогтворгүй байдлыг багасгахаар зорьж байгаа гэдгийг цохон тэмдэглэжээ. 
ҮАХЦТ-нөөс АНУ гарч буйг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн тавдугаар сарын 8-нд мэдэгдсэн бөгөөд Ираны эсрэг тогтоосон байсан хуучин хоригуудыг сэргээгээд зогсохгүй шинээр хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм. Тэрбээр мөн ҮАХЦТ-ний оронд шинэ гэрээ байгуулахад Вашингтон бэлэн байгааг батлан хэлсэн боловч үнэн хэрэгтээ зориудаар боломжгүй нөхцөлийг Иранд санал болгосон билээ.
Ираны цөмийн асуудлаарх гэрээ нь “уг үндсэндээ алдаа дутагдалтай” гэж АНУ-ын Ерөнхийлөгч удаа дараа мэдэгдсэн юм. Тэрбээр бүс нутаг дахь террорист бүлэглэлүүдийг дэмжиж байна гэж Тегераныг буруушаадаг. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх ҮАХЦТ хэвээр үлдээх нь цөмийн зэвсгээр дахин хөөцөлдөж эхлэхэд хүргэнэ гэж Цагаан ордон үзэж байна.
АНУ хориг арга хэмжээгээ хоёр үе шаттайгаар сэргээнэ гэж тус улсын эрх баригчид урьд нь мэдэгдэж байсан бөгөөд эхний хэсэг нь өнгөрсөн наймдугаар сарын 6-нд хэрэгжиж эхэлсэн юм. Тухайн үед Ираны автомашины үйлдвэрлэл, алт болон бусад гол металлуудыг худалдан авах, борлуулах салбарт хориг хязгаар тогтоожээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг