sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны зөвлөх, тус улсын Хөдөлмөрийн намын нэгдсэн фронтын газрын дарга Ким Ён Чольтой ойрын өдрүүдэд Нью-Йорк хотод уулзана. Энэ тухай Помпео телевизийн “Fox News” сувагт ням гарагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Тэрбээр Ким Ён Чольтой чухам хэд дэх өдөр уулзах талаар тодорхой дурдаагүй байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хэлснээр, уулзалт “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх сайхан боломж” болно. Майк Помпео, Ким Ён Чоль хоёр урьд нь энэ оны тавдугаар сард уулзаж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтад бэлтгэх асуудлыг Нью-Йорк хотод хэлэлцэж байсан юм.
АНУ-ын гадаад бодлогын байгууллагын тэргүүн мөн хэрэв Вашингтон буулт хийхгүй бол цөмийн хөтөлбөрөө сэргээнэ гэж БНАСАУ-ын зүгээс нэг бус удаа мэдэгдэх болсонд “санаа зовохгүй” байгаа гэдгээ мэдэгджээ. Энэ мэдэгдлийг Помпео БНАСАУ урьд нь удаа дараа хийж байсан хоосон үг гэж үзэж байгаа аж. “Бид хэнтэй хэлэлцээ хийж буйгаа, тэд ямар байр суурьтай байгааг мэднэ” гэж тэрбээр мэдэгдээд Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах зорилгодоо хүрэхээс нааш Вашингтон бодлогоо сулруулахгүй гэдгийг нэмж хэлжээ. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг