ПАРИС. /ТАСС/. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээг зөрчиж байна гэж Оросыг буруутгаж байгаа асуудлыг Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцжээ. Энэ тухай НАТО-гийн төлөөлөгч Оану Лунгеску мэдэгдсэн байна.
Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тохиолдуулсан арга хэмжээнүүдэд оролцохдоо Столтенберг энэ талаархи сэдвийг хөндсөн байна. В.Путинтай ярилцахдаа тэрбээр Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээний талаархи асуудал хийгээд тус гэрээг бүрэн дагаж мөрдөхийн ач холбогдлыг дурджээ.  
В.Путин Парис хотод “RT” телевизэд ярилцлага өгөхдөө “Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс гарах гэж байгаа нь бид биш, америкчууд. Бид яриа хэлэлцээг сэргээхэд анхаарлаа  хандуулж байгаа” гэжээ.  
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг