sonin.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдтой ярилцлаа.
 
-Та хотын даргын ажлыг Э.Бат-Үүлээс хүлээж авсан хүн. Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, бас хотын, 40 мянгатын гэх мэт имижтэй. Тэр үеэс л та хоёрыг харьцуулж, зөрчилдүүлж эхэлсэн нь хэцүү байсан уу?
 
-Их хотын ажил амаргүй. Алдаа, оноотой ч үе үеийн хотын удирдлагыг үгүйсгэх бодол надад төрдөггүй. Нэг, хоёр жилд бүхнийг амжуулна гэж үгүй. Харин урт хугацааны зөв бодлогоо тодорхойлох ёстой. Үүнийг хийхээр л хичээж яваа. Аливаа улс төрийн ажил одоо цагт биш, хожим үнэлэгдэх нь олонтоо байдаг. Тиймээс өнгө алагласан өнөөдрийн нийгмийн шуугианаас илүү шийдэл хүлээсэн тодорхой ажлуудаа л ярья, тэгэх үү?
 
-Тэгвэл Улаанбаатар “өргүй хот” болсон гэдгээс яриагаа эхлэх үү? Улс орны өр зээл хэрээс хэтэрлээ гээд байхад нийслэл нь өргүй гэхээр үнэмшилгүй л сонсогдож байна.
 
-Намайг ажлаа авах үед хот маань 100 орчим тэрбум төгрөгийн өртэй байлаа. Энэ нь концессын, аж ахуйн нэгж, байгууллагуудын гээд нийслэлд хамааралтай бүх өр багтсан дүн. Хэдийгээр нийслэлийн эдийн засаг, санхүү хүндрэлтэй байсан ч бид бүх өрөө төлж дуусгахын тулд чармайж ажилласнаар 2018 онд өргүй хот болсон. Энэ нь нэг талаас өмнөх удирдлагын хийснийг баталгаажуулж, хотыг нэгэн зорилгоор хөгжүүлье гэсэн эрмэлзэл, залгамж чанарын үр дүн.
Бид арагшаа биш, урагшаа харж ажилласан. Энэ бүхний дараа хөрөнгө оруулалтын томоохон ажлуудыг эхлүүлэх боломж гарч байна даа.
 
-Утаагүй, үнэргүй, түгжрэлгүй Улаанбаатар гэсэн лоозонгуудаас хүмүүс бүр залхсан л даа. Гэхдээ энэ тухай ярихгүй орхиж боломгүй санагдаж байна.
 
-Үнэрийн хувьд шийдэлд хүрсэн. Хоногт 160-190 мянган шоо метр ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч, цэвэрлэдэг Төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд ашиглалтад оруулсан байдаг. Гэвч лаг боловсруулах байгууламжгүй учраас хоногт 1000-1200 шоо метр нойтон лагийг ил талбайд хатаадаг байж. Эндээс 900 мянган шоо метр лаг хуримтлагдан, байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэнд, тав тухад сөргөөр нөлөөлсөөр ирсэн. Үе үеийн төр, засгийн үед ярьсаар ирсэн Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил 54 жилийн дараа буюу энэ онд шийдлээ бүрэн оллоо. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарах ажлыг эхлүүлэн, өвчин үүсгэгч нянг устган халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зориулалт бүхий хэт авиан тоног төхөөрөмжийг суурилуулж, тохируулгын ажил хийж эхэлсэн. Уг төхөөрөмж нь ХБНГУ-ын “Ультрасоник” компанийн “Тюбэреактор” загварын сүүлийн үеийн бүтээгдэхүүн юм. Мөн бохир усыг цэвэршүүлэх хувийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тунгаагуур, био цөөрөм барих, лагийг хуурайшуулж, хатаах, шатаах технологи бүхий төхөөрөмж суурилуулах ажлыг эхлүүлсэн.
Хамгийн гол нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалын үеэр Хятадын талаас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 300 сая ам.долларын өртөгтэй “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийг хийлээ. Хоногт 250 мянган шоо метр бохир ус хүлээн авч, цэвэрлэх хүчин чадалтай дэвшилт технологи бүхий, байгаль орчинд ээлтэй, лагийг бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн, дотоод хэрэгцээгээ хангах зэрэг олон давуу талтай бөгөөд энэ ажил 1.6 орчим жил үргэлжилнэ.
 
-Саяхан Яармагийн гүүрийг ашиглалтад оруулсан. Энэ нь хотын түгжрэлийг бууруулахад хэр нөлөөлөх бол?
 
-Хот өөрөө амьд организм. Тиймээс цус судсаар нь саадгүй гүйж, “эрхтэн” бүрт очих ёстой. Үүнийг л түгжрэлгүй хот гэнэ. Улаанбаатар хот төлөвлөгдсөн хэмжээнээсээ бараг тав дахин их хүн амтай болсон. Энэ их ачааллыг шийдэж, саадгүй урсгал бий болгохын тулд цогц шийдэл хэрэгтэй. Мэдээж үүний нэг нь гүүр.
Нийслэл 60 жилийн дараа гүүрэн байгууламжуудаа цогцоор нь шинэчилж байна. 2018 онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Нийтдээ 43.5 км авто зам, 3050 метр гүүр барих төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр 24 төсөл хэрэгжүүлнэ.
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц, Яармагийн шинэ гүүр барих, хуучныг засварлах, Гацууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам, Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321, Сонсголонгийн 289.4 метр гүүр шинээр барих төслүүд эхлээд хуваарийн дагуу ажил эрчимтэй өрнөж байна. Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр хүрсэн авто замыг нийслэл өөрийн хөрөнгөөр шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнд ус зайлуулах төхөөрөмж байгуулахад онцгой анхаарч байна.
Монголд анхны, найман урсгалтай, дугуйн болон явган хүний замтай, давхар гүүр гэдгээрээ онцлог бөгөөд авто зам, гүүрүүдийн хувьд хувьсгал гэж нэрлэхээр ажил юм.
 
-Утаа бол үнэхээр эмгэнэлтэй нөхцөл байдал биш үү. Миний хувьд хамгийн их бухимдал төрүүлдэг зүйл бол энэ.
 
-Утааны эсрэг олон шийдэл бий. Агуулгын болон хэлбэрийн гэж хувааж болно. Түр зуурын, хугацаа их шаардсан агуулгын шийдлийн аль аль нь хэрэгтэй. Миний хувьд агуулгын цогц шийдэлд илүүтэй анхаарахыг зорьдог.
Товчхондоо гэр хорооллыг хөгжүүлж байж л утаанаас сална. Гэр хороолол бол манай хотын онцлог мөн. Утаа гэдгээрээ биш шүү, уламжлал гэдэг талаас нь ярьж байна. Аж үйлдвэржсэн орнуудыг бодвол зөвхөн гэр хорооллын утааг шийдвэрлэх харьцангуй хялбар мэт харагдаж болно. Гэхдээ бас л цаг хугацаа, тууштай байхыг шаардсан ажил.
Нийслэл хотын гэр хорооллыг төвийн, дундын, захын гэсэн гурван бүсэд хувааж хөгжүүлэхээр тусгасан. Төвийн бүсийн гэр хорооллыг төвлөрсөн шугам сүлжээнд холбосон олон давхар орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ. Дунд бүсийн гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах “Дэд бүтцийн төв” төслөөр хөгжүүлж, захын бүсийн буюу уулын орой хэсгээр байгааг нь технологийн бүс гэж зарлан, айл бүр дээр технологийн шинэ шийдэл нэвтрүүлэх юм.
Дундын бүсийн гэр хороолол нийт гэр хорооллын 28.8 хувь буюу 2794 га талбайг хамардаг. Хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Сервис центр” төслийг газар дахин зохион байгуулах төсөлтэй уялдуулахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын төвөөс алслагдсан, төвлөрсөн дулаан, бохирын систем очих боломжгүй газруудад иргэдийнхээ санал хүсэлтэд үндэслэн “Сервис центр” байгуулах шинэ бодлого гарган ажиллаж, нийт 11 байршилд судалгаа хийснээс 2018 оны арваннэгдүгээр сард хоёр байршил сонгосон. Эдгээр нь Чингэлтэй дүүргийн VII, Сүхбаатар дүүргийн XVIII хороо юм. Үлдсэн гурван байршил нь Хан-Уул дүүргийн IX, Сонгинохайрхан дүүргийн IV, Баянзүрх дүүргийн XXIII хорооны зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна. Засгийн газар ч ажиллаж байна, бид ч зэрэгцээд ажиллаж байх хэрэгтэй. Тал талаасаа ажиллавал асуудал шийдэгдэнэ.
Хот иргэдээ орон сууцтай болгохыг дэмжиж “Гэр хорооллыг хөгжүүлэх сан” байгуулаад байгаа. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах I, II бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус сангийн дэмжлэгтэйгээр 87 иргэн орон сууцанд ороод байна.
 
-Хоёр нам хотын төвөө хааш нь зөөхөө булаацалдаад байна уу даа?
 
-Нам энд хамаагүй л дээ, энэ чинь бас судалгаа, тооцоогүй ч хийдэг ажил биш юм. Нийслэлийн шинэ төлөвлөлтийн бүсүүдэд засаг захиргаа, худалдаа, үйлчилгээ, соёл, боловсрол, орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ бүхий ”Их тойруу”, “Яармаг” гэсэн хотын хоёр төв, Баянхошуу, Сэлбэ, Шинэ хот, Сонсголон, Гурвалжин, Амгалан гэсэн хотын зургаан дэд төв байхаар төлөвлөөд байна.
Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт болгож, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Яармагт байгуулах шинэ төвд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нэг дор шилжүүлэн байршуулах ажлыг хийж байгаа.
Ямартай ч хотын захиргааг Яармагт шилжүүлэх ажлыг эхлүүлж, барилгын суурийг тавилаа. 2019 онд хотын захиргааг Яармаг руу нүүлгэж, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэнэ. Ингэснээр нийслэлийн захиргаанаас 330 төрлийн ажил, үйлчилгээ авахаар хотын төвд бөөгнөрөл үүсгэдэг байсан нь арилах юм. 1.3 сая хүн амтай метрополис хотын захиргаа нийслэлийн баруун өмнө зүгт шилжин байрласнаар наад зах нь 30 мянга гаруй иргэн ажил, алба хөөцөлдөхөөр хотын төв рүү зүглэхээ больж, 3500 ажлын байр Яармагт төвлөрнө.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Майдар”, шинэ нисэх буудлыг түшиглэсэн “Аэросити” зэрэг дагуул хотыг хөгжүүлэн хотын төвлөрлийг арилгана гэж тооцож байна.
 
-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байна, хөрөнгө оруулалт УИХ-ын тойрог дагаж орон нутагт чиглэснээс болж хүн амын тэн хагас нь төвлөрсөн хотод асуудал үүсээд байна гэх шүүмжлэл бий. Үүнийг хот дангаараа шийдэхэд хэцүү л дээ, гэхдээ зайлшгүй хийх шаардлагатай, тийм үү?
 
-2018 онд боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт өрнөнө. Энэ жил Улаанбаатар хотод улсын төсвөөс 106.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 18 880 суудал бүхий 34 сургууль болон сургуулийн өргөтгөл, таван сургуулийн спорт заалны барилга, “Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн 9345 ор бүхий 52 цэцэрлэгийн барилга, бага сургууль, цэцэрлэгийн гурван цогцолбор барилгыг тус тус барьж байна.
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар долоо, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар дөрвөн сургууль барихаар ажиллаж байгаа. Нийслэлийн төсвөөр 2018 онд 1310 ор бүхий долоон цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна.
Энэ ажлыг эхлүүлэхэд хүндрэлтэй асуудал нь “газар чөлөөлөлт” байлаа. Нийслэлийн газрын алба энэ ажлыг 93 хувьтай хийж гүйцэтгэснээр боловсролын салбарын бүтээн байгуулалтыг хийх нөхцөл бүрдсэн. 2018-2019 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 26 сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа юм.
Харин 2019-2020 оны хичээлийн жилд Монгол Улсын Засгийн газрын зорилтын хүрээнд нийслэл хотын ерөнхий боловсролын сургуулиуд хоёр ээлжинд бүрэн шилжинэ. Мөн сургуулийн өмнөх насны хүүхдийн 85 хувь нь цэцэрлэгээр хангагдах төлөвтэй байна.
 
-Явган хүний зам чөлөөлөх ажил олон нийтээс их дэмжлэг хүлээж байна. Энэ ажил ямар нэг дуулиан шуугианыг өөр чигт хандуулах оролдлого биш байгаасай гэж бодоод Танаас асууж байна л даа.
 
-Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс “Явган хүний зам” арга хэмжээ эхлүүлсэн. Аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам, явган хүний гарц хааж барилга барьсан аж ахуйн нэгж, байгууллагуудад хугацаатай мэдэгдэл хүргүүлж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд албадан чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч байгаа юм. Өнөөдрийн байдлаар иргэдээс 40 гаруй байршилд явган хүний зам гаргуулахаар санал ирүүлж, үүний дагуу хугацаатай мэдэгдэх хуудсыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлээд байна.
Газар эзэмшил, ашиглалтын чиглэлээр орон сууцны хорооллын барилгуудын дунд болон сургууль, цэцэрлэгийн орчмын газарт барилга барих ажлыг хотын даргын захирамжаар бүрэн цуцалж, газар эзэмших, ашиглах эрх олгохыг зогсоов. Ингэснээр 16.8 га газрыг хүчингүй болгож, сургууль, цэцэрлэг, оршин суугчдад буцаан олголоо. СӨХ-дод нийтдээ 40.8 га газар олгож, тоглоомын талбай, тохижилт хийх боломж бүрдүүллээ. Иргэд болон сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд 57 га газрыг эргүүлэн олгоод байгаа юм. Ер нь бол ажил буцалж, маш эрчимтэй өрнөж эхэлсэн. Нийгмийн чиглэлийн олон асуудлыг шийдэж байгаа. Цаг бага тул ингэсхийгээд болих уу? Тайлангийн хугацаа дуустал овоохон юм амжуулчих байх аа.
 
-Асуулгүй өнгөрч болохгүй ганцхан асуулт байна. Сүүлийн үед тантай холбоотой нэг бичлэгийн талаар яригдаж байгаа. Энэ тухай өөрөөс тань тодруулах ёстой гэж бодлоо.
 
-Тэр бичлэг үү? Чи ер нь тэр бичлэгийг үзсэн үү?
 
-Үгүй л дээ. Гэхдээ их л шуугьж байна.
 
-Яах вэ дээ. Та нар санаж байгаа бол, манай нийслэлийн Намын хорооны хурал болохоос хэдхэн хоногийн өмнөөс ийм мэдээлэл цацагдсан. Тэр шуугианыг би тоохгүй яваад л байсан. Сүүлдээ арай л дэндээд байх шиг. Яах вэ, хотын дарга гэдэг албан тушаалд олон хүний шунал шингэдэг юм шиг байгаа юм. Яг хийхэд бас амаргүй ажил шүү. Би албан тушаалд шунан дурладаг хүн огт биш. Мэдээж Намын хорооны даргын сонгуульд ялж чадаагүйдээ би өөртөө дүгнэлт хийж байгаа. Аж ахуйтай орооцолдоод улс төрийн ажилдаа анхаараагүй нь хэнд ч нялзаашгүй миний л буруу. Улс төрийн хариуцлага хүлээхэд ч бэлэн байгаа.
 
Гэхдээ аливаа улс төрд ёс зүй, хэм хэмжээ гэж бий. Тэр шуугианыг зохион байгуулалттайгаар тарааж буй хүмүүст нэг зүйлийг шулуухан хэлье. Бичлэг байгаа бол одоо тавьчих. Битгий худлаа сенсац хөөцөлд.
Намайг анх томилогдсоноос эхлээд л янз бүрээр хэлсэн дээ. Хөдөөний гэж дайрсан, хөдөөний биш хэн ч байгаа юм. Одоо бүр миний мэдэх ч үгүй зүйлээр дайрч эхэллээ. Улс төр бохирдож, ёс суртахуунгүй болж, Баабарын хэлдгээр ёстой л ёроолдоо тулж байгаагийн илрэл байх.
 
 
Миний ажлыг шохоорхоод байвал нэн тэргүүнд хот бол мөнгө биш ажил гэдгийг ойлгох хэрэгтэй. Сая би зах зухаас нь ярилаа. Хотын дарга бол асар их мөнгөтэй ажил гэсэн шунал л ийм байдалд хүргэж байгаа хэрэг.
Монголын парламентад дөрвөн удаа сонгогдож, Хууль зүйн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг удирдан ажиллаж байсан хүний хувьд улс төрийг бас гадарлана. Улам л бохир технологи ашигладаг болж байх шиг. Гэхдээ иргэд үүнийг ялгаж салгадаг болно гэдэгт итгэлтэй байна.
Би гурван хүүхдийн эцэг, 30 жил ханилсан ханьтай хүн. Удахгүй том хүү маань хуримаа хийх гэж байна.
Сундуйн Батболд гэдэг хүн Монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн юм шүү.
 
-Танай намын хагарал ихээхэн хурцдаж байгаа нь ярианаас тань ажиглагдаж байна. УИХ тарах, Засгийн газар огцрох тухай ч яригдах боллоо.
 
-1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөс авхуулаад 1961 онд НҮБ-ын гишүүн болох хүртэлх хугацаанд Бодоо, Данзан, Догсомоос эхлээд төрийн 72 өндөр дээд албан тушаалтнаа алдаж, энэ цагийн эрх чөлөө, тусгаар тогтнолыг авчирсан түүхтэй нам шүү. Манай намд өнөөдрийн байтугай саад бэрхшээл олонтоо тохиолдсон ч бид туулаад л гарсан. Цаашдаа ч хөгжлийн түүчээ болж, оршин тогтноно гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Манай нам энэ асуудлаа шийдээд л цаашаа явна. Та битгий санаа зов.
 
 
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин