sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Сингупарт хийх айлчлал мягмар гарагт эхэлнэ. Тэрбээр тус улсад болох олон улсын хоёр дээд хэмжээний уулзалтад оролцож, хоёр талын хэд хэдэн уулзалт хийнэ.
Кремлийн хэвлэлийн албанаас урьд нь мэдээлснээр, Оросын төрийн тэргүүн 11 дүгээр сарын 11-15-ны хооронд Сингапурт айлчилж, Орос-Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ дээд хэмжээний уулзалт болон Зүүн Азийн 13 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Путин айлчлалынхаа үеэр мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Малайзын Загийн газрын тэргүүн Махатхир Мохамад, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо нартай хоёр талын уулзалт хийнэ.
Айлчлалын эхний өдөр Орос-Сингапурын хэлэлцээг өндөр түвшинд хийхээр товложээ.
 
Орос болон Сингапур
 
Путины хувьд Сингапурт анх удаа айлчилж байгаа юм. 2009 онд тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Дмитрий Медведев хоёр талын харилцааны түүхэн дэх анхны айлчлалыг хийж байв. Харин Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун 2016 онд Сочи хотод болсон Орос-АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтад оролцохоор ОХУ-д айлчилсан билээ.
Оросын удирдагч мягмар гарагт Ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзаж, Орос-Сингапурын харилцааны өнөөгийн байдал болоод цаашид хөгжүүлэх хэтийн төлөвийг хэлэлцэнэ. Путин мөн Сингапурын Ерөнхийлөгч Халима Якобтай уулзаж, түүний хамтаар тус улсад байгуулах Оросын соёлын төв болон үнэн алдартны сүмийн шав тавих ёслолд оролцоно.
Айлчлалын дүнд хоёр талын байгууллагууд хоорондын хэд хэдэн баримт бичигт болон худалдааны гэрээ хэлцлүүдэд гарын үсэг зурах төлөвтэй байгаа тухай Оросын төрийн тэргүүний туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээлжээ. Түүний мэдээлснээр, тухайлбал, Оросын шууд хөрөнгө оруулалтын сан нефть хими, эмнэлгийн цөмийн физик, өндөр технологийн салбартай холбоотой болон Оросын хөрөнгө оруулалтын компаниудыг Зүүн Азийн зах зээлд дэмжих 1.1 тэрбум ам.долларын гэрээ хэлцлүүдэд гарын үсэг зурна.
Орос-Сингапурын харилцаа харилцан ашигтай, үр бүтээлтэй болохыг Кремль онцлон тэмдэглэж байна. 2017 онд хоёр орны бараа эргэлтийн хэмжээ даруй 94 хувиар өсч, 4.4 тэрбум ам.долларт хүрсэн бол 2018 оны эхний найман сард хоёр орны худалдааны хэмжээ 2.5 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Одоогийн байдлаар Евразийн эдийн засгийн холбоо /ЕАЭЗХ/ болон Сингапур хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах ажлыг хийж байна. Энэ асуудлаарх хэлэлцээний дараагийн үе шатыг энэ оны 11 дүгээр сард Беларусийн нийслэл Минск хотод хийхээр товлосон гэж Ушаков онцлон дурдсан байна.
Түүнчлэн соёл-хүмүүнлэгийн харилцаа холбоо хөгжиж байна. Өнгөрсөн онд Сингапурт Оросын 80 мянга гаруй,Сингапурын 7000 орчим жуулчин Орост аялжээ. Сингапурт Оросын 4000 гаруй иргэн байнга эсвэл түр оршин суудаг.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойтой давхцаж байгаа нь “манай хоёр орны эртний, олон талт найрсаг харилцааны баталгаа болж байна” гэж Сингапурын Гадаад хэргийн яам Путиныг тус улсад айлчлах гэж буйтай холбогдуулан мэдэгджээ. Сингапурын Ерөнхийлөгч ОХУ-ын төрийн тэргүүнтэй Истана төрийн ордонд ёслолын уулзалт хийсний дараа Путин тус улсын Ерөнхий сайдтай уулзана гэдгийг тус яам онцлон тэмдэглэсэн байна.
 
ОХУ - АСЕАН
 
Лхагва гарагт буюу 11 дүгээр сарын 14-нд Путин Орос-АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтад оролцоно. Тус улс 1996 оноос эхлэн Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны яриа хэлцээний түнш орон болсон юм. Орос-АСЕАН-ы өмнөх дээд хэмжээний уулзалт 2016 онд Сочи хотод болсон билээ.
АСЕАН нь Зүүн Өмнөд Азийн Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Таиланд, Филиппин гэсэн 10 орныг өөртөө нэгтгэдэг. Эдгээр орны удирдагчид Сингапурт Орос-АСЕАН-ы яриа хэлцээг хөгжүүлэхэд тулгамдсан асуудлууд, худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа, ЕАЭЗХ-АСЕАН болон ШХАБ-АСЕАН-ы шугамаар харилцаа холбоог урагшлуулах асуудлыг хэлэлцэнэ.
“Түүнчлэн Ази-Номхон далайн бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлын асуудлыг хөндөх төлөвтэй байна. Удирдагчдын анхаарлын төвд эн тэргүүнд терроризм болон үндэстэн дамнасан гэмт хэрэг түүний дотор “гадаадын террористууд болон босогчид зэрэг” орчин үеийн сорилт бэрхшээл, аюул заналыг арилгахад, мэдээлэл-харилцаа холбооны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хүчин чармайлтыг зохицуулах асуудал оршино. Үүнээс гадна, Солонгосын хойгийн цөмийн асуудал зэрэг олон улсын хурцадмал асуудлуудад гол анхаарлаа хандуулна. Бид Сирийн байдлыг зохицуулахад гаргасан хүчин чармайлтынхаа талаар мэдээлэл хийнэ” гэж Оросын Ерөнхийлөгчийн туслах Ушаков хэлжээ.
Дээд хэмжээний уулзалтын дүнд хэд хэдэн хамтарсан баримт бичгийг тухайлбал, мэдээлэл-харилцаа холбооны технологийг ашиглах аюулгүй байдлын ерөнхий мэдэгдэл болон мэдэгдлийг батлахаар төлөвлөсөн байна.
 
Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт
 
Орос- АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын дараа Оросын удирдагч 11 дүгээр сарын 14-15-ны хооронд Зүүн Азийн 13 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. 2005 оноос хойш зохион байгуулж буй жил тутмын энэ дээд хэмжээний уулзалтад АСЕАН-ы гишүүн 10 орон, яриа хэлцээний түнш 8 улс болох ОХУ, АНУ, Өмнөд Солонгос, Энэтхэг, Хятад, Австрали болон Шинэ Зеландын удирдагчид оролцоно.
Зүүн Азийн дээд хэмжээний өмнөх уулзалт өнгөрсөн оны 11 дүгээр сард Филиппиний нийслэл Манила хотноо болсон билээ.
Энэ жилийн уулзалтын үеэр бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, терроризмтой тэмцэх, эрүүл мэнд, өндөр технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон байгаль орчныг хамгаалах асуудлыг хэлэлцэнэ. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг