sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү  ипотекийн хүүг гурван хувь болгох боломжийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Дэлхий нийтэд ипотекийн зээлийн хүү 1 хувь байхад манайд 8 байна. Бусад улс Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болгож ашигладаг. Манайх ч бас энэ жишгээр ажиллах бүрэн боломжтой. Өөрөөр хэлблэ, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө бол ямар ч хүүгүй хадгалагдаж байгаа иргэдийн мөнгө. Тиймээс төр энэ мөнгөнөөс иргэдэд нэг хувийн хүүтэй зээл олгоно. Харин тэр мөнгийг дамжуулж буй банк үйлчилгээний нэг хувь, эрсдэлийн нэг хувийн хүү авах юм. Нөгөөтэйгүүр Засгийн газрын 27 сан нийт 3 их наяд төгрөгийн санхүүжилттэй. Энэ мөнгийг орон сууцны зах зээлд нийлүүлж, ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгох хэрэгтэй. Энэ нь иргэдийг орон сууцжуулах замаар агаарын бохирдолтой тэмцэх бас нэг гаргалгаа юм” гэлээ.
О.Баасанхүү гишүүн ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох талаар 9000 иргэний гарын үсэг цуглуулж, Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж. Өргөдлийн байнгын хороо уг асуудлыг нарийвчлан хэлэлцээд, тогтоолын төсөл баталж, Засгийн газарт чиглэл өгөх боломжтой хэмээн үзэж байгаа юм. 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг